ВИДЕО: "Хүрэн халзан" морин хуурыг "Шүтлэгтэй, тахилгатай хуур байна эх оронд нь буцаа" гэсний дагуу дамжуулан явсаар Монголд авчирчээ

ВИДЕО: "Хүрэн халзан" морин хуурыг "Шүтлэгтэй, тахилгатай хуур байна эх оронд нь буцаа" гэсний дагуу дамжуулан явсаар Монголд авчирчээ

Монголын түүхт соёлын үнэт өв. XVII зууны өмнөх үеийн гэж үзэж буй “Хүрэн халзан” морин хуур монгол нутагтаа эргэн ирсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. Харин энэ удаа бид "Хүрэн халзан" морин хуурыг онцоллоо. 

ВИДЕО:

Уг хуур 400 гаруй жилийн настай. Хил дамнан зарагдаад 18 жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд таван эзний гар дамжсан аж. Хамгийн сонирхолтой нь “Хүрэн халзан” морин хуурыг худалдан авсан угсаатны хөгжим судлаач “Энэ хөгжмийг буцааж эх оронд нь аваачсан нь зөв. Яагаад гэвэл энэ хуурын илтгэж буй илэрхийллээс нь харахад хоосонгүй. Шүтлэгтэй хуур байх магадлалтай” хэмээсэн байдаг.

Мөн хамгийн сэтгэл эмзэглэм түүх нь уг хуур маш сайн хуурч тоглохоор хийгдсэн.

Монголын түүхт соёлын өв боловч өвлөн уламжлагчгүйн улмаас ийнхүү олон жил гараас гар дамнан ганцхан чавхдастайгаар, ая эгшиглүүлэх боломжгүй. Эртний эдлэл байдлаар худалдаалагдаж байжээ.  Иймд бид “Хүрэн халзан” хуурыг Монгол нутагт нь авчраад буй СУИС-ийн соёл судлалын доктор, Угсаатны хөгжим судлаач Д.Ганпүрэвтэй ярилцаж 400 жилийн тэртээ мартагдсан түүний түүхийг сэргээн таницлахыг зорилоо.

"Алтай" хамтлагийг үүсгэн байгуулсан Д.Ганданпүрэв гэх хүнийг Монголын театрын үе үеийн залуус андахгүй алдарт багш билээ. Тэрбээр Монголын түүрт соёлын өв болсон хөгжмийн зэмсгүүдийг сэргээж, хадгалан хамгаалах томоохон ажлуудыг хийсэн хэдий ч тэр бүр дурдаад байдаггүй. Хээв нэг хэнэггүйхэн даруу төлөв хүн юм. Тэрбээр энэ удаа язгуурын Боржигон хуур байж болзошгүй эртний хуурыг эх нутагт нь авчраад буй. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу. 

-АНХ ГОЛЛАНДЫН УГСААТНЫ ХӨГЖИМ СУДЛААЧ ЭНЭ ХУУРЫГ ХАРААД, ШҮТЛЭГТЭЙ ХУУР БАЙНА. ЭХ ОРОНД НЬ БУЦААСАН НЬ ГЭСЭН БАЙДАГ-

-Ярилцлагаа "Хүрэн халзан" хуурын түүхээс эхэлье. Таны судалж мэдсэнээр энэ хуур яаж хилийн дээс давж, хэрхэн эх нутагтаа эргэн ирэв? 

-Тэгэлгүй яах вэ. Харьд худалдаалагдаад 18 жил болоод нутагтаа ирсэн хуур юм. Анх 2014 онд гадаадын нэлээд нэртэй уран бүтээлчид Монгол Улсад ажлаар ирэх үедээ Засгийн газрын ордны ард байрлах эртний үнэт эдлэлийн дэлгүүрээс энэхүү хуурыг худалдан авч монголоос гарсан байдаг. Үүнээс хойш Голландад гар дамжин зарагдаж таван эзэн дамнасан гэж хэлж болно.

Мөн Голландын угсаатны хөгжим судлаачид энэхүү хуурыг аваачиж өгөхөд, тэр хүн энэ хуурыг хараад цочирдсон гэдэг. “Би ийм эртний хөгжим гэж бодсонгүй. Энэ маш хүчтэй энергитэй хөгжим байна. Магадгүй тахилгатай хөгжим байх. Ийм онцгой хөгжим учир өөртөө байлгахад хэцүү байна. Энэ хөгжмийг буцааж эх оронд нь аваачсан нь зөв. Яагаад гэвэл энэ хуурын илтгэж буй илэрхийлэл хоосонгүй. Шүтлэгтэй хуур байх магадлалтай” гэсэн байгаа юм.

-ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАХ ГЭЖ БАЙХАД НЬ МАНАЙ ШАВЬ ОЛЖ, НАД РУУ ЗУРГИЙН ЯВУУЛАХАД БИ ШУУД ТАНЬСАН-

Ингээд удалгүй уг судлаач дуудлага худалдаагаар зарсан. Улмаар 2014 онд Сорен Винема гэдэг дэлхийн алдартай хөгжимчин  "Хүрэн халзан" хуурыг худалдан авсан. Тэрбээр эртний хөгжим цуглуулдаг. Маш олон цуглуулгатай, хөгжмийн дэлгүүртэй байсан. Мөн тэр хүн энэ хуурд маш их хайртай байсан гэдэг. Тэр үед анх манай шавь хуурын талаар олж мэдээд авах гэж хэд хэдэн удаа гуйсан ч өгөөгүй. Түүнээс хойш долоон жилийн дараа 2021 онд Сорен Винема нас барсан. Ингээд үр хүүхдүүд нь өвлөн уламжлагч болсон. Ингээд хуурыг дуудлага худалдаанд зарах гэсэн боловч хүн аваагүй учир анх худалдан авсан угсаатны хөгжим судлаач дээр очиж “Та энэ хөгжмийн зэмсгийн учрыг олоод өгөөч” гэсэн байдаг. Тэгээд судлаач дахин дуудлага худалдаа зохион байгуулж яг зарах гэж байхад нь манай шавь зургийн авч над руу явуулсан юм. Би угсаатны хөгжим судлаач Христиан Хаслунд, Потанин, Н.А.Чарусин, зэрэг судлаачдын XVII зууны зургуудтай харьцуулж харсан. Бас энэ морин хуурын ерөнхий байдлын талаар баггүй мэддэг байсан учраас энэ хуурыг хараад шууд таньсан. 

-Тэгэхээр энэ үед "Хүрэл халзан" морин хуурыг худалдан авсан уу? 

-Тиймээ. Тэр үед шавь маань "Энэ монголын үндэсний чухал соёлын өв байна. Манай багш энийг авахыг хүсэж байгаа юм. Энэ эх сурвалжийг буцаан монгол руу явуулах хэрэгтэй байна” гэж яриад энэ хөгжмийг тэнд нь үнэ тохирч худалдаж авсан. Үүний дараа шавь маань албан ёсоор “За багшаа би энэ хөгжмийг өөрийн болгож авлаа. Энэ хөгжмийн талаар бид гэр бүлээрээ нэлээд ярилцлаа. Тэгээд монгол руу буцаахаар болсон. Багш танд энийг бэлэглэж байна. Цааш нь судалж, хамгаалаарай” гээд бэлэглэсэн юм. 

Rowan Lee Hartsuiker /Д.Ганпүрэв багшийн шавь/-ын аав хуураа бэлэглэхдээ нүдэндээ нулимстай, сэтгэл нь хэт догдолсон байдалтай надад хэлсэн юм. "Рован /түүний хүү/ надтай энэ хуурын талаар ярьсан. Багшийнх нь хэлснээр нэн ховор хуур гэдгийг хүүгээсээ сонссон юм. Хүү маань энэ хуурыг багшдаа бэлэглэсэн нь зөв санагдаж байна. Энэ хуур бол Монголчуудын үнэт өвүүдийн нэг. Түүнийг эх оронд нь буцааж өгөөсэй гэж би хүсэж байна. Энэ хөгжмийг эх орон руугаа авч явж байгаад манай гэр бүл маш их баяртай байгаа" гэж хэлээд "Хүрэн халзан" бид хоёрын мордуулсан юм. Ингэж л нутагтаа ирсэн дээ. 

Rowan Lee Hartsuiker /Д.Ганпүрэв багшийн шавь/

-XVII-XVIII зууны үед хийгдсэн "Хүрэн халзан" морин хуур болон орчин цагийн буюу одоо хэрэглэж буй морин хуурын онцлох ялгаа юу байв. Хийц болон материалын хувьд?

-Орчин үеийн хууртай харьцуулбал энэ хуур 17 см өндөр. арай жижиг цартай. Мөн чавхдас чангалж хөглөх эргүүлэг чихэн дотор байдаг шүү дээ. Харин энэ хуурын чавхдасыг хоёр нүхээр гаргаж гаднаас нь чихийг тойруулж ороосон байгаа юм. Хуурын бас нэг онцгой хүмүүст хэлэх ёстой зүйл нь хуур эрүүний дотор хэсэг гүн. Хуруугаа хийхэд амаар нь харагдах жишээний. Энэ нь хуур ам хэсэгтээ оньсон хэлтэй гэсэн үг. Тоглох үед хэл нь хөдөлдөг байхаар хийгдсэн. Иймд анхдагч “Боржигоны язгуур хуурын нэг байх ховор мэдээллүүд энэ хэсэгт хадгалагдаж байгаа юм. Мөн толгойны хийц, ур, хэлбэр, илэрхийлэмж нь утга соёлынхоо хувьд онцгой.

Энэ хуурыг харсан хүмүүс толгойн ерөнхий байдлыг хараад жоохон жийрхдэг. “Ямар гайхамшигтай юм. Ид шидтэй. Амьд юм шиг” гэж хэлдэг. 

-ЭХ ОРОНДОО ИРЭЭД ХОС ЧАВХДАСТАЙ БОЛОН ЭГШИГЛЭВЭЛ "МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭЛД БҮТЭН БАЙХ БОЛОВ УУ" ГЭЖ БОДСОН-

-Энэхүү хуурыг сэргээн засаж ая тоглоход бэлтгэж байгаа гэсэн шүү дээ. Мэдээж түүхт соёлын үнэт өв учир хэн дуртайн хамаагүй оролдож болохгүй байх. Тэгэхээр "Хүрэн халзан" морин хуурын хувьд хэнээр яаж сэргээлгэв? 

-Тэгэлгүй яах вэ. Энэ хуурыг анх худалдаж авахад ганцхан чавхдастай байсан юм. Тэр ганц чавхдас нь одоо ч хэвээрээ байгаа.  Энэ чавхдасыг солиогүй. Харин эг чавхдас нь тасарсан байсан учир зөвхөн дуу гаргахын тулд нэг талынх нь чавхдасыг л хийсэн байгаа. Мэдээж түүхт соёлын өвийн эх сурвалж гэдэг утгаараа толгой, их бие, өнгө будагт гар хүрээгүй. 

-Сэргээн зассан шалтгаан нь юу байв? 

-Өнгөрсөн 18 жилд л гэхэд хил дамнан зарагдаж, галд шатаж, олон дуудлага худалдаанд орж байсан. Тиймээс эх орондоо ирээд хос чавхдастай болж эгшиглэвэл "монгол хүний сэтгэлд бүтэн байх болов уу" гэж бодсон юм.

Мөн энэ хуурын хийцийг харвал зүгээр нэг хөгжим оролддог хүн тоглохгүй. Энэ бол маш сайн тоглодог хүнд зориулсан хуур байгаа юм.

Манай мэргэжлийн морин хуурын урлагт сайхан тоглодог хуурч олон боловч тэндээс онцгойрдог нэг, хоёр хүн байдаг юм. Тэдний нэг нь Шинэцог_гени юм. Шинэцогоор дамжуулан энэхүү хуурыг нэг л удаа сайхан эгшиглүүлнэ. Учир нь эртний хөгжмийн зэмсгүүд дандаа эзэнтэй, энергитэй. Хаа хамаагүй хүмүүс хамаагүй оролдож болдоггүй. Ариун дагшин талтай байдаг. Тиймээс би хүндлээд энэ хуурыг татахгүй байна гэсэн үг. Сайн заяат хөгжмийг сайн морин хуурч л тоглох ёстой. 

-Олон зуун жил хадгалагдсан түүхийн үнэт өвүүдийг мөн тусгай орчинд хадгалах зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр түүний хувьд хаана, яаж тавигдана гэж бодож байна?

-"Хүрэн халзан" морин хуурын судалгааг бүрэн гүйцэт хийж дууссаны дараа энэ хуур шинжлэх ухааны судалгааны эргэлтэд орно. Тэр үед энэ хуур Соёлын яам эсвэл Соёлын өвийн үндэсний төвөөр дамжиж сан хөмрөг буюу музейд тавигдана. Тиймээс энийг ирээдүйд бараг Монголын театрын музейд шилжих болов уу гэж бодож байна.

-ЭНЭ ХУУР МАШ ХҮЧТЭЙ, БУРХНЫ НОМООР ХАМГААЛГДСАН ХУУР ГЭЖ ТААМАГЛАЖ БАЙНА-

-Та яриан дунд нэлээд хэдэн удаа "Хүрэн халзан" морин хуурын шүтлэг, сүнслэг байдлын тухай дурдлаа. Энэ талаар яривал

-Тиймээ. Би тайлбарлаж өгий. Энэ морин хуурын хүзүүнд улаан утас зүүсэн байгаа юм. Бид хамгаалалтын улаан утас гэж зүүдэг. Энэ нь шашны нөлөөтэй зүйл. Энэ хуур маш хүчтэй, бурхны номоор хамгаалагдсан хуур гэж таамаглаж байна. Тэгээд дээрээс нь шар хадагтай. Шар өнгө нь гандаж, доороосоо шатсан учир буурал харагдах болсон. Гэхдээ шар хадгийг бурхан номын хадаг гэж ярьдаг шүү дээ. Үүнээс авч үзвэл зан үйлийн хувьд буддын шашинтай холбоотой.

Харин цагийн үеэр нь XVII-XVIII зуун гэж авч үзвэл, энэ цаг үед монголын ардын хөгжмүүд бурхны хөгжим болж тоглогддог байсан. “Гүр” дуу буюу “шашны дууг ятга, морин хуураар тоглодог байсан” гэх эх сурвалж байдаг. Тэгэхээр энэ хуур бодитоороо яг тэр морин хуур байх магадлалтай. Түүнчлэн эртний шүтлэгт зүйлсийн түүх маш сонин байдаг. Авсан хүн нэрд гараад эцэст нь дандаа муугаар дуусдаг ч юм уу. Харин "Хүрэн халзан" морины хувьд долоон жилийн зайтай худалдаалагдаж байсан дэлгүүр нь шатаж, эзэн нь үгүйрэх гэхчлэн сонин түүх бас бий. 

-"Хүрэн халзан" морин хуурын түүхийн талаар өөрийн судалгааг бидэнтэй хуваалцсан танд баярлалаа. 

-Биднийг зорин ирсэн та бүхэнд бас баярлалаа. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө