Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг СУЛАРНА

Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг СУЛАРНА

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна. Маргааш буюу энэ сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 24-29 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.