Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор ажлын хэсгийг байгуулсан.
Тус ажлын хэсгийн зүгээс явуулж буй ажиллагааны талаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тус ажлын хэсэгт нийт 62 албан хаагч ажиллаж байгаа ба цагдаагийн байгууллага доторх дэд ажлын хэсэгт 75 мөрдөн байцаагч ажиллаж байгаа аж. Ажлын хэсгийн зүгээс орон нутгийн гэх тодотголтой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 2013-2017 оны хооронд Гашуунсухайт боомтоор 296 компанийн 7373 тээврийн хэрэгсэл хоосон тээвэрлэлт хийсэн байна.
Тэдгээр 296 компанийн 19 нь Монгол Улсын, 27 нь БНХАУ-ын аж ахуй нэгжүүд байна. Өөрөөр хэлбэл, 46 компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулаад байгаа ба одоогийн байдлаар 942 мянган тонн нүүрс илүү экспортолсон гэсэн дүн гараад буй. Улсын хилээр нийт 32230 удаагийн давтамжтайгаар хоосон тээвэрлэлт явуулсан гэсэн дүн нэгтгэгдсэн болохыг энэ үеэр мэдээллээ.