Цагдаагийн байгууллагаас нүүрсний хэрэгтэй холбогдуулан шалгаж буй хэргийн талаарх мэдээллүүдийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд өглөө.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас орон нутгийн "Тавантолгой" ХК-аас нүүрс худалдан авсан ААН худалдан авсан нүүрсээ илүү хэмжээгээр экспортолдог, Гашуунсухайтын боомтоор гаалийн улсын байцаагч, хилийн цэрэг, автотээврийн байгууллагын албан тушаалтан бүртгэл, хяналтгүй гаргаж, хөрөнгө завшиж, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэргийг шалгасан.
Одоогийн байдлааар 2013-2017 онд Гашуунсухайт боомтоор 296 ААН-ийн 7373 тээврийн хэрэгсэл хоосон гарсан байна. Улсын хилээр энэ тээврийн хэрэгслүүд 32 мянга 230 удаа хоосон гарчээ. Үүнээс Монгол Улсад бүртгэлтэй 19 ААН, БНХАУ-д бүртгэлтэй 27 ААН 942 мянган тонн нүүрс илүү гаргасан. Өөрөөр хэлбэл, 296 ААН-ээс 46 ААН-ийн үйлдэл одоогийн байдлаар тогтоогдсон байгаа. 2013-2017 онд хилийн боомтоор нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл, экспортод гарсан нүүрсний мэдүүлэг зөрж байна. Жишээлбэл, нэг автомашин ГЕГ дээр нэг дугаараар бүртгэгдээд ХХЕГ дээр өөр дугаараар бүртгэгдэх тохиолдол байсан. Бүртгэсэн дугаараар шалгаад үзэхэд приус, портер маркийн машин гарсан. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд хөрс хуулж, 268 мянган тонн нүүрс олборлож, 20 сая долларын хохирол учруулсан байж болзошгүй хэргийг шалгасан.
Гурван удаагийн хэмжилтээр дөрөвдүгээр уурхайн хойд хэсгээс 26.3 мянган тонн, зүүн хэсгээс 233.4 мянган тонн, баруун хэсгээс 8.2 мянган тонн гээд нийтдээ 268 мянган тонн нүүрс олборлосныг Ч.Хүрэлбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгасан байдаг. Уг хэргийг 2020 оны тавдугаар сарын 11-нд АТГ руу шилжүүлсэн. Тавантолгой транс орон нутгийн өмчит компани ААН-ээс худалдан авсан нүүрсээ Гашуунсухайт боомтоор 2010 оны нэгдүгээр сарын 1-ээс 2011 оны долдугаар сарын 1 хүртэл 3758 автомашинаар 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр хил нэвтрүүлсэн эсэхийг шалгаж байна.
Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь нүүрс худалдан авсан ААН-үүдтэй хуйвалдан борлуулсан нүүрснийхээ хэмжээг санаатайгаар багасган хуурамч тайлан мэдээ гаргах, ААН-үүд нь нүүрс экспортлохдоо гаалийн байгууллагатай хуйвалдан гаальд мэдүүлэхгүйгээр хил нэвтрүүлэх аргаар татвар төлөхөөс зайлсхийснийг тогтоосон. Үүнийг шалгаад прокурор руу шилжүүлэхэд 2013 оны аравдугаар сарын 30-ны өдөр хэрэгсэхгүй болгож, хаасан. Уг хэргийг сэргээж шалгахаар болсон" гэлээ.