М.Энхтүвшин: Амьдардаг байрныхаа В1 давхарт өрөө түрээсэлж, хоббигоороо ховор төрлийн загаснууд тэжээдэг /ВИДЕО/

М.Энхтүвшин: Амьдардаг байрныхаа В1 давхарт өрөө түрээсэлж, хоббигоороо ховор төрлийн загаснууд тэжээдэг /ВИДЕО/

Загас сонирхон тэжээдэг хүүхэд, залуучууд, ахмадууд маш олон байдаг бол өнөөдөр бид аквариумын загасыг өөрийнхөө хобби болгон тэжээдэг нэгэн эрхэмтэй уулзав. Тэрбээр өөрийн амьдардаг байрны В1 давхарт нэгэн өрөөг загасандаа зориулан тохижуулжээ. Ингэхдээ загасны төрөл зүйлээс хамааруулан тус тусад нь байлгахын зэрэгцээ зарим загасандаа элдэв янзын цайз, гэр барьжээ.

ВИДЕО:

Түүнийг М.Энхтүвшин гэдэг. Хоббигоо ажил болгон монголд байхгүй ховор төрлийн загасыг үржүүлж, тэдэндээ тусгайлах өрөө бэлтгэх болсноо "Бага байхаас тэжээдэг байсан загаснууд маань олширч гэрт багтахаа байсан. Тиймээс тусад нь тэжээж байна. Эднийгээ өдөр бүх бууж харна хооллоно. Мөн стресстэй үедээ ч юм уу ирээд хараад суух гоё тайвшрал өгдөг. Манай загаснууд дотор гэр бүлээрээ бүлэглэн амьдардаг загаснууд ч бий" хэмээсэн юм. Мөн загас хэрхэн тэжээх талаарх мэдлэгийг өөрийн хүүд зааж буй аж. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу. Юуны түрүүнд та манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу? Намайг Мягмарсүрэнгийн Энхтүвшин гэдэг. Загас тэжээх хоббитой хүн байна.

-Хэзээнээс эхлээд загас тэжээх болов. Загаснуудаа өрөөтэй болгоод удаж байгаа юу?

-Загаснуудаа өрөөтэй болгоод 5,6 жил болж байна. Анх хүүхэд байхдаа гэртээ нэг аквариум загас тэжээдэг байсан. Хобби маань цаашаа дэлгэрч, улам өргөжөөд гэрт олон аквариумтай болоод ирэхээр жоохон тохиромжгүй болсон. Тэгээд амьдарч байгаа байрныхаа В1 давхарт өрөө түрээсэлж загаснуудаа тэжээж байна.

-Ямар ямар төрлийн загас тэжээдэг вэ?

Миний хувьд “Алтан загас” тун бага сонирхдог. Одоо “Ancistrus” гэж ярьдаг “L”-н төрлийн загас түлхүү тэжээдэг.

-Ховор төрлийн загаснууд бий юу. Бидэнд сонирхуулбал?

Аncistrus төрлийн загас “Green dragon” гэж нэрэлдэг. Энэ загас маань Монголд ховор төрөл, орж ирээд удаагүй, хүмүүс үржүүлж амжаагүй. Энэ загас маань үүрэн дотор амьдардаг. Эм нь үүрнээсээ гадуур амьдардаг, үүрэндээ ороод өндөг гаргадаг, үүрэн өндөглөөд гарч явсных нь дараа эр загас буюу эцэг нь тухайн өндгийг арчилдаг. Хүчилтөрөгчөөр хангаж, гаднын дайралтаас хамгаалдаг гэсэн үг.

-Ховор төрлийн загаснуудыг юугар хооллодог вэ?

-Ногоон хоол иддэг. Тухайлбал, бууцай, өргөст хэмх гэх мэт ногоогоор хооллодог.

-Загаснуудаа хаанаас авч байсэн бэ?

Загасаа ихэвчлэн Туркээс авчирч байсан.

-Загаснуудаа үржүүлээд заръя гэж бодож байсан уу? Зарж, борлуулдаг уу?

Зарах тал дээр сонирхолгүй. Яагаад гэвэл эд нарыгаа олон болж буйг нь харах надад жаргалтай гоё мэдрэмж төрүүлдэг юм.

-Засагнуудын үнийн хувьд?

-Зах зээлийн ханшаар өндөр үнэтэй гэвэл ancistrus-ууд харьцангуй үнэтэй байдаг. “Green dragon” гэдэг загас зах зээлийн үнэлгээ нь 1 сая 200 мянга орчим байдаг.

-Та аль загасандаа илүү их хайртай вэ?

-Хайртай гэхээсээ илүү дуртай л юм даа. Ancistrus-н Gold гэдэг төрлийн загасанд илүү дуртай. Надад маш тод шар өнгөтэй, эр, эм хоёр байдаг.

-Онцлох загаснуудаасаа бидэнд танилцуулбал?

-Ancistrus-н Gold гэж төрөл нь бий. Маш тод шар өнгөтэй, эр, эм хоёр байдаг, хосоороо үүрэн дотроо байна гэсэн үг. Бас Green dragon гэж түрүүн ярьж байсан, зулзагууд нь хамт байна. Мөн Blue eye гэдэг төрөл Цэнхэр нүдэн гэсэн үг. Albino гэдэг Ancisturs-н нэг төрлийн загас байна.

-Загас тэжээх хоббиг нь гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ. Загаснуудаа арчлах ажилд нь оролцдог уу?

-Оролцоно. Ялангуяа хүүхдүүд маш их дуртай. "агасаар дамжуулан хүүхдүүд маань амьтанд хайртай болж байгаа нь өөрсдөд нь эерэг нөлөө үзүүлэх болов уу"гэж боддог. Харин арчилгааны тал дээр хүү маань тусална, энэ нь яадаг юм бэ, энэ нь тэгдэг юм уу гээд асууна. Аль болох өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлээрээ зөвлөж өгөхийг хичээдэг.

-Аквариумын загас тэжээхэд хүнд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Аквариумын загасыг хүмүүс ярихдаа “Нүд амраадаг, нүдний даралт багасагдаг, ширтэж суухаар ач тустай байдаг” гэж ярьдаг. Миний хувьд стресс тайлдаг гэх юм уу. Ямар ч стрессийг өөрийн хоббигоор арилгадаг.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа.


Сэтгүүлч: М.Ариунаа

ФОТО: