Куала Лумпураас Ташкент чиглэлийн олон улсын нислэгийн үеэр согтуугаар танхайрч, багийн гишүүд болон зорчигчдыг доромжилсон ОХУ-ын иргэнд Узбекстаны шүүхээс захиргааны шийтгэл ногдуулжээ.
Тодруулбал, Энэ сарын 5-ны өдөр "Uzbekistan Airways" компанийн HY-552 дугаартай нислэг үйлдэн агаарт явж байх үед ОХУ-ын иргэн, 36 настай В.К. гэгч нь нэлээд согтолттой байсан бөгөөд онгоцны үйлчлэгчээс нэмж согтууруулах ундаа шаардсан байна. Аюулгүй байдлын үүднээс үйлчлэгч бүсгүй түүнд үйлчлэхээс татгалзахад зорчигч өөрийгөө хянах чадвараа алдаж, онгоцны үйлчлэгчдийг хэл амаар доромжлон, зорчигчид руу дайрч, бүхээг доторх амгалан тайван байдлыг бүрэн алдагдуулжээ. Ташкент хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардахад онгоцны бүхээгт цагдаагийн ажилтнууд нэвтэрсэн боловч согтуу эр хууль сахиулагчдын шаардлагыг биелүүлэхээс эрс татгалзаж, эсэргүүцэл үзүүлсэн байна. Улмаар тэрбээр онгоцноос буух шатаар явж байхдаа өөрийн гар тээш болох хар өнгийн чемоданыг шатны уруу шидэж, асфальтан дээр унасных нь дараа нисэх буудлын ажилтнуудын нүдэн дээр өшиглөж танхайрсан нь сошиал орчинд бичлэг болон тархжээ.
Ташкент хотын Сергели дүүргийн эрүүгийн хэргийн шүүх уг хэргийг хянан хэлэлцэж, ОХУ-ын иргэн В.К.-г "Жижиг танхайрал" болон "Цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй" гэх үндэслэлээр долоо хоногийн хугацаагаар захиргааны журмаар баривчлах шийтгэл ногдуулж, 440 мянган узбек сумын (~36.59 ам.доллар) торгууль ногдуулжээ. Шүүх хурлын үеэр шүүгдэгч өөрийн бурууг бүрэн хүлээж, хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
ВИДЕО: