АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах хэлтсээс Хотын дарга асан Х.Нямбаатар болон Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нартай холбоотой хэргийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр АТГ-ын мөрдөн, шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн, “Хотын дарга асан Х.Нямбаатар нь Туулын хурдны зам төслийн урьдчилгаа төлбөр болох 500 тэрбум төгрөг олгохдоо худалдан авалтын тухай хуулийн заалтыг зөрчиж, санхүүжилтийн эрхийг орлогч Т.Даваадалайд шилжүүлж, урьдчилгааг шилжүүлсэн. Улмаар есдүгээр сарын 25-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан ба мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн Х.Нямбаатараас гадна 5 хүнийг яллагдагчаар татсан. Хуульд заасны дагуу яллагдагчаар татагдсан этгээдэд биечлэн танилцуулах ёстой ч ирээгүй, гадагшаа явсан учир олон улсын цагдаагийн байгууллагад хаяг байршлыг тогтоохоор интерполоор эрэн сурвалжилж байна" гэлээ.