Х.Тэмүүжин: Г.Батхүү агсныг өвчний улмаас бус өндрөөс унасан гэмтлийн улмаас амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан

Х.Тэмүүжин: Г.Батхүү агсныг өвчний улмаас бус өндрөөс унасан гэмтлийн улмаас амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан

Ардчилсан намаас Г.Батхүү агсны амь насаа алдсан асуудлаар Олон улсын парламентын холбоонд ханджээ. Тодруулбал, талийгаачийн гэр бүл болон намын нөхөд нь тухайн хэрэг, үйл явдлыг мөрдөн шалгах ажиллагаанд гадны хяналт тавьж, үнэн мөнийг олох үүднээс хандсан байна.

Энэ талаар АН-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Тэрбээр, “Тусгай хамгаалалттай Төрийн ордонд энэ үйл явдал болсон. Тусгай хамгаалалттай, хаалттай хатуу дэглэмтэй газар. Цагдаагийн байгууллага ажиллахад ч хуулийн олон саад тээгтэй учирч байна. Иймд хаалттай нөхцөлд гадны хяналт байх нь асуудлыг ил тод болгох болов уу гэж итгэж байна. УИХ-д олонх болсон намын нэр бүхий гишүүд тухайн өдөр архидаж байсан. Цагдаагийн шалгалтын өмнө архидсан гишүүд өрөөгөө цэвэрлэсэн гэх мэдээлэл гарч байна. Иймд сонгууль ойртож байгаа энэ цаг үед намын нэр хүнд унана гэдэг болгоомжлол, улс төржилт явагдах вий, хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд саад тээг болох вий гэдэг болгоомжлол байгаа учир Олон Улсаас дэмжлэг хүссэн.

Шүүх шинжилгээний байгууллагын урьдчилсан дүгнэлтээр цус харвасан болон зүрхний шигдээс болоогүй нь тогтоогдсон. Өндрөөс унасан гэмтлийн улмаас нас барсан. Харин унасан шалтгаан маш учир битүүлэг байна. Тухайн үед тодорхой хүмүүсийн дунд маргаан болсон байж болзошгүй гэсэн таамаг хүчтэй явагдаж байгаа. Энэ учир битүүлэг байдал, таамгийг илрүүлэхэд цагдаагийн байгууллага улс төрийн нөлөөнөөс ангид ажиллах нь эргэлзээтэй байна. Иймд хөндлөнгийн хяналт тавьж, үнэн мөнөөр тодорхойлох байх.

ОУПХ-ноос энэ асуудалд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Парламентч байсан хүн парламентын ордонд нас барсан нь хүний эрхийн асуудал мөн гэж үзсэн” хэмээн ярилаа.