Хөвсгөлийн "Дархан цаазат" газарт нисдэг тэргээр нэвтэрч, загас агнасан байж болзошгүй хэрэгт прокурор хэрэг нээхээс татгалзаж, ХААЖЭЭ

Хөвсгөлийн "Дархан цаазат" газарт нисдэг тэргээр нэвтэрч, загас агнасан байж болзошгүй хэрэгт прокурор хэрэг нээхээс татгалзаж, ХААЖЭЭ

Хөвсгөл аймгийн Дархан цаазад байгалийн цогцолбор газарт нисдэг тэрэг, завиар хууль бусаар нэвтэрсэн хэрэг гарсныг прокуророос "хэрэг нээхээс татгалзаж" шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Дархан цаазад байгалийн цогцолбор газарт өнгөрөгч наймдугаар сарын 18 /2022.08.18/-ны өдөр нисдэг тэрэг болон завьтай иргэд хууль бусаар нэвтэрч, загас агнасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Тиймээс Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид уг асуудлаар хуулийн байгууллагад хандаж, хэн гэж хүн, ямар зорилгоор зөвшөөрөлгүй тусгай хамгаалалттай газар нэвтэрсэн. Хууль бусаар загас агнасан байж болзошгүй үйлдлийг шалгах өгөхийг хүссэн аж.

Гэтэл Хөвсгөл аймгийн прокуророос "Нисдэг тэрэгтэй хүмүүс загас агнасан нөхцөл байдал тогтоогдоогүй учир хэрэг нээхээс татгалзсан" гэх хариуг саяхан өгчээ.

Прокуророос хэн, хэн гэж хүн, ямар маркийн нисдэг тэргээр хууль зөрчиж нэвтэрсэн. Зорилго нь юу байсныг тодруулахгүйгээр хэрэг нээхээс татгалзсан байна. Тиймээс байгаль хамгаалагчид хууль бус үйлдлийг өөгшүүлэхгүй гэдэг үүднээс дээрх эргэлзээтэй асуултуудын хариултыг гаргаж, зөрчлийн хэрэг нээн шалгаж өгөхийг хүсжээ. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дугаар хэсэгт аргагүйгээс бусад тохиолдолд Дархан цаазат тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэхийг хориглоно гэж заажээ.

Гэтэл ямар эрх мэдэлтэй, хэн гэж эрхэм нь байгаль хамгаалагчдын шуурхай хүрэх боломжгүй газрыг сонгон, нисдэг тэргээр хууль зөрчин нэвтэрч, загас агнасан уу. Хуулийн байгууллагаас яагаад нэр холбогдсон хүмүүс, нисдэг тэрэгний талаарх мэдээллийг нууцлав гэдэг нь анхаарал татаж буй юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хэрэгт Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум дахь Хилийн застовын дарга асан Д.Отгонсүрэн нарын хүмүүс холбоотой байж магадгүй байгаа аж. Ямартай ч Дархан цаазат тусгай хамгаалалттай нутагт хууль бусаар нисдэг тэрэг, завиар нэвтэрсэн этгээдүүдийг байгаль хамгаалагчид шуурхай мэдэж, холбогдох хуулийн байгууллагад хандан, шалгах хүсэлт гаргасан ч ийнхүү Хөвсгөл аймгийн прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Ташрамд өгүүлэхэд, хэдэн жилийн өмнө олны танил улстөрч дээрх газарт хууль бусаар нисдэг тэргээр нэвтэрч загас агнаж байгаад баригдаж, улмаар хамт явсан хүн нь торгох шийтгэл хүртэж байсан аж.