Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбайд 1500 хүүхэд урлагийн тоглолт үзүүлнэ

Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбайд 1500 хүүхэд урлагийн тоглолт үзүүлнэ

Өнөөдөр /2019.05.28/ нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хүүхдийн баярыг угтан мэдээлэл хийлээ.

“Зургадугаар сарын 01-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах баярын нэгдсэн  арга хэмжээг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд бэлтгэж байгаа бөгөөд Хүүхэлдэйн театрын найруулагч Алтантуяагийн удирдлагад 1500 орчим хүүхэд багачууд, мэргэжлийн уран бүтээлчид бэлтгэлээ базааж буйг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэллээ. Өнгөрсөн жилийн Хүүхдийн баяраар 60 гаруй хүүхэд гэр бүлийнхнээсээ төөрч, багагүй эрэл сурал болсон тул энэ удаад эцэг, эхчүүд хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа илүү сайжруулж, аюулгүй байдлыг сайтар хангахыг нийслэлийн Цагдаагийн газрынхан анхааруулав.

“Ялангуяа энэ зургадугаар сарын 1-ний өдөр агаарын хэм 22 градус байх тул эцэг, эхчүүд гол ус руу салхинд гарахаар болбол хүүхэд багачууддаа байнгын хараа хяналт тавьж, усанд осолдохоос сэргийлээрэй” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжүүллээ.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаныхан Зургадугаар сарын 1-ний баярыг автомашингүй өдөр болгон тэмдэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлэх, эсвэл дугуй унах зэргээр жинхэнэ утгаар нь гэр бүлийн баяр болгож өнгөрүүлэхийг уриалсан юм. Зайлшгүй тээврийн хэрэгслээ унах шаардлагатай бол 0-10 хүртэлх насны багачуудаа зориулалтын суудалд суулгах, хурдаа ердийн үеийнхээс 10-20 км/цагаар бууруулж, хүүхэд багачуудаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

Тэгвэл нийслэлийн Эрүүл мэндийн газраас Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон газруудад эмнэлгийн яаралтай тусламжийн баг ажиллуулах юм байна. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан Хүүхдийн баяраар хүн олноор цугласан газруудад худалдаа, үйлчилгээ эрхлэх газруудад хяналт шалгалт хийх, хүнсний бүтээгдэхүүний чанар, тоглоомуудын аюулгүй байдлыг хангах ажлыг есөн дүүрэгт эхлүүлсэн гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.    




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө