СУРВАЛЖИЛГА: "Хомын талын элч явуулын номын сан"-гийн уншигчид хонинд явахдаа ч номоо өвөртлөөд явдаг /ФОТО/

СУРВАЛЖИЛГА: "Хомын талын элч явуулын номын сан"-гийн уншигчид хонинд явахдаа ч номоо өвөртлөөд явдаг /ФОТО/

Хомын талын тахь ТББ-аас “ХОМЫН ТАЛЫН ЭЛЧ” Явуулын номын сан хөтөлбөрийн хүрээнд алслагдсан нутагт оршин суух 40 гаруй малчин өрхөд болон ажил мэргэжилгүй, сургууль завсардсан хүүхэд залуус, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амьдралд нь хэрэгцээтэй мэдлэг олгох зорилгоор номын аяллыг өртөөчлөн хэрэгжүүлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ингэхдээ тус хөтөлбөрөөр дамжуулан орон нутгийн алслагдсан хүн амд боловсролын үйлчилгээг тэгш түгээх, нутгийн иргэдэд тогтвортой хөгжил, тахь сэргээн нутагшуулах талаар ойлголт мэдлэг өгөх, байгальд ээлтэй байдлаар аж амьдралаа өрнүүлэх мэдлэг, дадлага олгох, байгаль орчинд халгүй аргаар аж ахуй эрхлэхэд зориулсан мэдээлэл хүргэх, үүгээрээ тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагааны үр ашгийг ойлгуулах, үйл ажиллагааг дэмждэг болгохыг зорьжээ.

"Хомын талын тахь ТББ" нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ орон нутгийн зорилтот бүлгийн иргэдэд хүрч үйл ажиллагаа явуулдаг аж. Тус байгууллага 2014 онд байгуулагдсан бөгөөд гол зорилго нь тахь сэргээн нутагшуулах явдал юм. Одоогоор хомын талд 138 тахь тоологдсон бөгөөд жилийн өсөлт нь 20 хувьд хүрчээ.

Харин “Хомын талын элч” явуулын номын сангийн үйл ажиллагааг 2017 онд санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ төв суурин газраас алслагдмал Завхан аймгийн Дөрвөлжин сумын онц багийн иргэдэд тус үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Тус сум нь дөрвөн аймгийн голд байрлалтай. Хамгийн ойр аймгийн төвөөс 300 км зайтай аж. Иймд нутгийн иргэдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох, байгаль орчны мэдлэг олгох, тахь сэргээн нутагшуулах ажлын онцлогийг харуулах зорилготойгоор тус номын аяныг хэрэгжүүлж буй юм. Иймд бид "Хомын талын тахь ТББ"-ын олон нийттэй харилцах ажилтан Д.Ариунцэнгэлтэй "Хомын талын номын элч" явуулын номын сангийн үйл ажиллагааны талаар дэлгэрүүлэн ярилцлаа.

-МАЛЧИД ИХЭВЧЛЭН ГАР УРЛАЛ, БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ХУУЛЬ, УРАН ЗОХИОЛЫН НОМ ЗАХИАЛДАГ-

-40 гаруй айлд ном тарааж, өртөөчлөн уншуулдаг гэсэн шүү дээ. Ингэхдээ хэдэн хайрцагт хэдэн ширхэг ном аялуулдаг вэ?

-Тиймээ. Бид одоогоор 10 хайрцагтай ном аялуулдаг. Нэг хайрцагтаа дунджаар 20-24 номтой.

-Нэг хайрцагт хэдэн өөр төрлийн ном байдаг вэ?

-Хайрцаг бүрд 10 гаруй төрлийн ном байдаг.

-Ямар ямар төрлийн ном байна. Жишээ дурдвал?

-Тухайлбал, Амьтны чиглэл, аялал жуулчлал, байгаль орчин, байгаль хамгааллын чиглэл болон Монгол Улсын хөгжил, бодлого зэргийг тусгасан ном, нөхөрлөл, хоршоо, ТББ-уудын мэдээлэл, тахийн тухай номнууд болон уран зохиолын, баримт судалгааны номнууд, хувьд хүний хөгжил, хүүхдэд зохиулсан гэх мэт үндсэн 15 төрлийн номуудыг хольж хийдэг.

-Арван хайрцаг номыг 40 айлдаа хэдий хугацаанд тойруулж дуусдаг вэ?

-Бид суурин суурьшдаг 40 айлдаа нэг жилийн турш 10 хайрцаг номоо аялуулж, уншуулдаг. Нэг хайрцаг ном нэг айлдаа сар болдог. Нэг айлд дунджаар хоёр хүн хүүхдүүд орвол таван хүн гэхчлэн тооцоолоод эл хугацаанд дамжуулдаг юм.

-МОНГОЛ БИЧИГ СУРАЛЦАХААР НОМ ЗАХИАЛДАГ МАЛЧИН ХҮРТЭЛ БИЙ-

-Сарын дараа танай ажилчид очиж аваад дамжуулдаг гэсэн үг үү?

-Тиймээ. Сар болсны дараа тус бүсэд ажилладаг манай ажилчид очиж бүртгэж аваад дараагийн айлд дамжуулдаг. Ингэхдээ зүгээр нэг аваад өгөөд байхгүй. Номын бүртгэлийн хуудас, хайрцагтай номын санг ашиглах дүрэм, журам гэж бас байдаг. Мөн уншигчид маань санал сэтгэгдлээ хэлж болдог. Жишээ нь би ийм ном уншмаар байна гэхчлэн. Иймд бид номын хайрцагт нийт аялж буй 300 номын нэрсийн бүртгэлийг оруулсан байдаг. Улмаар малчид маань энэ хайрцагт ийм ном байгаа гэдгээ мэдсэн байдаг гэсэн үг.

-Настай хүмүүс болон хүүхдүүдэд зориулсан буюу насны онцлогт таарсан номуудаасаа онцлон дурдвал?

-Манай байгууллагын онцлог нь өөрөө байгаль орчны сэдэвт ном түлхүү байдаг учир хүүхдийн ном гэхэд Цэлмэг, Цэнгэг хоёр мод тарьсан нь, Цоохор ирвэс цуврал, танин мэдэхүйн буюу ном яаж ургадаг вэ зэрэг байгаль суурьтай номууд байдаг. Харин насанд хүрсэн малчид маань уран зохиолын ном унших түлхүү сонирхолтой байдаг.

-Харин малчдын хувьд хамгийн их уншдаг болон сонирхож авч байсан ном?

-Насанд хүрсэн малчид болохоор уран зохиолын ном унших илүү сонирхолтой байдаг. Мөн Монгол бичиг сурмаар байна гээд Монгол бичгийн номууд авч байсан. Тэгээд цагаан идээ боловсруулах олон янзын арга техникийн ном бүтээгдэхүүнээ зах зээлд яаж нийлүүлэх нь зөв ашигтай талаарх номнууд болон мэдээж байгаль орчны чиглэлийн хууль, тусгай хамгаалалттай газрын тухай хууль зэргийг захиалж уншиж байсан. Мөн эсгий урлалын сургалтад хамрагддаг малчид маань тэр чиглэлийн гар урлалын ном авах захиалга нэлээдгүй өгдөг дөө.

-Эсгий урлалын сургалт нь мөн энэ онц багийн хүрээнд явагддаг уу?

-Тиймээ. Тус бүсийн малчид маань дөрвөн нөхөрлөл байгуулан ажилладаг. Ингэхдээ эдгээр нөхөрлөлүүд дундаа эсгий урлалын сургалтыг явуулдаг юм.

-ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ЯВУУЛЫН НОМЫН САНГИЙН НОМЫН 70 ХУВЬ НЬ БҮРЭН УНШИГДСАН-

-Малчдын хувьд номоо хэр идэвхтэй уншдаг вэ?

-Интернэт болон утас зэрэг сатаарах юм байдаггүй учир нэгдүгээрт их төвлөрч уншиж, илүү их өөртөө шингээж ойлгосон байдаг. Хоёрдугаарт манай малчид хэлэхдээ "Бидэнд юу л байна зав байна. хонинд явахдаа өвөртөлж яваад уншиж байхад амар байдаг" гэдэг дээ. Тэгэхээр ер нь бол "Өө би уншихгүй дээ гэдэг ганц нэг л өрх байдаг" гэхдээ мөн тэдгээр нь шалтгаантай байдаг.

-Хамгийн их уншигдсан ном?

-Шилийн сайн эрийн түүхтэй холбоотой нэг уран зохиолын ном бүр хуучиртлаа явж, олон хүн давтан уншиж байсан. Мөн эрүүл мэндийн номнуудыг хүсэлтийн дагуу авч их уншсан байдаг. Энэ хугацаанд аялуулсан номнуудын 70 хувь нь бүрэн уншигдаж, шинэчлэгдсэн байгаа.

-Уг хөтөлбөрийн хэрэгжүүлснээр өөрчлөгдөг өөрчлөлт нь юу байв?

-Манайх байгаль хамгаалах зорилготой байгууллага учир энэ чиглэлийн арга зүйн мэдлэг өгөх номын аялал бол маш үр дүнтэй. Давхар малчдаа цаг үеэс хоцроолгүй хүртээмжтэй мэдлэг олгож буй үр дүнтэй ажлуудын маань нэг байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаанд малчид маань номонд дуртай болж ном захиалдаг болсон. Олон зүйлс сурсан. Амьдрал дээрээ хэрэгжүүлээд явж байгаа өрхүүд ч бий гэх мэтчилэн маш эерэг үр дүнд хүргэж байгаа. Тиймээс энэ жишиг Монголын маань алслагдмал бүх малчин өрхөд хүрээсэй гэж хүсэж явна даа.

-Явуулын номын сангийн цаашдын зорилго?

-Мэдээж өшөө олон ном нэмж, малчдадаа сонирхолтой номнууд уншуулах, хамгийн олон ном уншсан өрхийг  шалгаруулах зэрэг тэмцээн зохиож уншигч малчиддаа урам өгөх ажлыг хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байгаа. 

ФОТО: