Э.Ариунбилэг: Бид өмнө өрсөлдөгчид байсан ч Монгол Улсынхаа төлөө нэгдэж, хамтдаа ялалтын төлөө зүтгэж байна /ВИДЕО/

Э.Ариунбилэг: Бид өмнө өрсөлдөгчид байсан ч Монгол Улсынхаа төлөө нэгдэж, хамтдаа ялалтын төлөө зүтгэж байна /ВИДЕО/

Isee.mn сайт энэ удаа U18 өсвөрийн хоккейн Монголын шигшээ багын тамирчдыг онцоллоо. Тэдний хувьд Монголын өсвөрийн хоккейн багуудаас цугларсан шинэхэн бүрэлдэхүүнээр нэг зорилгын дор нэгдэж ердөө 10 гаруй хоногт баг болж хамтарсан бэлтгэл хийсний дараа Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж хоёр дахь хожлоо аваад буй юм.

ВИДЕО: 

Хэрсүү, дайчин хүүхдүүдээс бүрдсэн уг багын тамирчид хэлэхдээ "Хэдийгээр бид өмнө нь өөр өөр багт байж өрсөлдөж явсан ч Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөхөөр нэгдэж, хамтдаа бүхий л хүчээ дайчлан хичээж байна. Азийн аварга болох итгэл бидэнд байна" хэмээсэн юм.

Тодруулбал, Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 11-нд Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд эхэлсэн. Энэ өдөр Монгол, Ираны багийн тоглолт тэмцээний анхны өдрийн гурав тоглолт болж, үдшийн 20:30 цагт эхэлж гурван үе тоглоход Монголын баг өрсөлдөгчөө 5:0 оноогоор буулган авч анхны хожлоо авсан юм. Харин гуравдугаар сарын 12-ны өдөр Монгол, Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/-ын багийн тоглолт 20:30 цагт эхэлж, гурван үе тоглоход Монголын баг өрсөлдөгчөө 10:2 оноогоор буулган авч, хоёр дахь хожлоо аваад буй.

Энэхүү үйл явдал нь Монгол Улс хоккейн спортын 60 жилийн түүхэндээ анх удаа Өсвөрийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн, мөн Хоккейн 4-р дивизоны ДАШТ-үүдийг эх орондоо зохион байгуулж байгаа явдал билээ. Мөн Монголын баг өнөөдөр 17:30 цагаас Узбекистаны багтай тоглох юм. Ингээд Монголын шигшээ багын тамирчин Э.Ариунбилэгийн ярилцлагыг хүлээн авна уу.

-Юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Isee.mn сайтын үзэгчдээ. Намайг Эрдэнэбат овогтой Ариунбилэг гэдэг. Би Мэргэн академийн Хөх чоно багийн тамирчин байна. Одоо би Монгол Улсын шигшээ багт хамгаалагчийн үүргээр тоглож байгаа. Би энэ багийн анхны хэдэн гишүүдийн нэг. Би анх 12 настайдаа багтаа орж, манай баг байгуулагдаж байсан.

-Багийнхнаа танилцуулбал?

-Манай багийнхан 2005-2007 оны хүүхдүүдээс бүрдсэн. Тэгээд өөр өөр багийн нэлээн олон тамирчид бий. Манай Мэргэн академиас 10 хүүхэд, Эрдэнэтээс тав, зургаа гэхчлэн өөр өөр багаас бүрдээд 10 хоногийн дотор бүгд нэг баг болоод хамт бэлтгэл хийж шигшээ багийг бүрдүүлсэн. Манай багийн хувьд 20 гаруй хүүхэдтэй.

-Анх удаа шинэ бүрэлдэхүүнтэй томоохон тэмцээндд оролцож байна шүү дээ. Баг болон тоглолтын тухай сэтгэгдлээ дурдвал?

-Тиймээ. Манай баг гуравдугаар сарын 11-нд Иран улстай тоглосон. 5:0 харьцаатай эхний тоглолт өндөрлөсөн. Хоёр дахь буюу өчигдрийн тоглолт болохоор Арабын нэгдсэн Эмират улстай 10:2 харьцаатай өндөрлөсөн байгаа. Тоглолтын хувьд Ираны тоглолтод анх удаагаа гарч байгаа болохоор миний сэтгэл үнэхээр догдлоод, сандарч байсан. Харин тэр үед сандарлаа дарж дараагийн тоглолтод ямар ч сандралгүй гарсан. Харин 12-ны өдрийн тоглолт дээр манайх шууд тоглолт эхлүүлээд л нэг гоал хийсэн. Дараа нь 2:0 түүний дараа эсрэг багийн тамирчид гоал хийсний дараа жоохон сандарч эхэлсэн. Тэгээд манай баг цаашаа нэлээд их гоал хийгээд сэтгэл тайвширч, тоглолт ороод гоё болж эхэлсэн.

Анх удаа өөр өөр багаас нийлсэн хүүхдүүд орж байгаа. Бид нэг баг болж, хамтдаа тоглоод хожил авсандаа үнэхээр их баяртай байна.

-Анх удаа стандарт талбайтай болж, тэмцээн зохион байгуулж байна шүү дээ. Талбайн хувьд?

-Мэдээж маш гоё байна. Өмнө нь манай баг жижиг талбайд /нүхтэд нэг талбай байгаа/ бэлтгэл хийдэг байсан. Одоо бол өөрийн гэсэн стандартад нийцсэн мөсөн ордонтой болоод эндээ байнгын бэлтгэл хийж анх удаа Ази болон Дэлхийн аваргыг эх орондоо зохион байгуулж, тэр тэмцээндээ өөрөө орно гэдэг үнэхээр гоё.

-Монголчууд ихээр ирж дэмжиж байгаа гэсэн үү?

-Тиймээ. Өмнө нь биднийг улсын аварга дээр эцэг эхчүүд маань л ирж дэмжинэ. Өөр хүмүүс ерөөсөө ирж дэмждэггүй байсан бол одоо харин бүх хүн хоккейг мэддэг ч бай. Мэддэггүй ч бай ирж үзээд гоё дэмждэг болсон. Хоккей цаашид нэлээд хөгжин гэдэгт би итгэлтэй байгаа. Үнэхээр гоё байна.

-Багийн цаашдын зорилго, мөрөөдлөө хуваалцвал?

-Манай баг энэ Азийн аваргаар хэрвээ алтан медаль авах юм бол дараа нь түвшин ахиад цаашид явах байгаа. Яг энэ багаараа гоё бөөндөө хамт явна даа. Монголчуудын хувьд үнэхээр айх айдас байхгүй. Хамтдаа байхдаа гоё хүчтэй байдаг. Бид өмнө нь өөр өөр баг байж өөр хоорондоо өрсөлдөгч байсан бол харин одоо нэг зорилгын төлөө Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, алтан медаль авахын төлөө нэг баг болж чадсан.

-Чиний хувьд хэзээнээс хоккейн спортыг сонирхож, тоглож эхэлсэн бэ?

-Миний хувьд анх 12 настайгаасаа хоккей тоглож эхэлсэн. Би өмнө нь хөлбөмбөг тоглодог байсан. Сагс тоглодог байсан. Угаасаа бүх нийтийн спорт тэгээд хоккей анх хараад үнэхээр гоё өвөрмөц санагдаж байсан. Тэгээд энэ спортод анх орж байсан. Мөн энэ ташрамд Биднийг анх эхлүүлээд авч явсан Дорж багш, Мэргэн багш гээд бүхий л хүмүүстэй баярлалаа гэж хэлмээр байна.

Үргэлжлүүлэн бид Монгол Улсын шигшээ багын тамирчдын сэтгэгдлээс хүргэе.

Монгол улсын шигшээ багын тамирчин Б.Содбилэг:

"Намайг Баатархүүгийн Содбилэг гэдэг. Би Монгол Улсын шигшээ багт хаалгачийн үүрэг гүйцэтгэдэг. Би хаалгаа хуурай манаж Азийн аварга болж чадна гэдэгтээ итгэлтэй байна"

Монгол улсын шигшээ багын тамирчин У.Цэнгэл:

"Намайг Ундармаа овогтой Цэнгэл гэдэг. Би U18 насны Азийн аваргын тэмцээнд хамгийн анхны гоалыг хийсэн. Энэ нь миний амьдралд мартагдахааргүй том дурсамж юм. Би энэ үйлдлээрээ маш их бахархаж байна"

Монгол улсын шигшээ багын тамирчин Д.Лхагвадорж:

"Намайг Давааням овогтой Лхагвадорж гэдэг. Би Монголын U18 насны шигшээ багын ахлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Ямар ч байсан манай багийнхан бэлтгэлээ сайн хийж эхний хоёр хожлоо авсан. Энэ эрчээ алдахгүйгээр цаашид хичээж, U18 насны Азийн аваргыг авна гэдэгтээ итгэлтэй байгаа. Бид бүхнийг дэмжиж байгаа Монголын ард түмэндээ чинь сэтгэлээсээ баярлалаа"

Монгол улсын шигшээ багын тамирчин М.Чинзолбоо:

"Намайг Мишигсүрэнгийн Чинзолбоо гэдэг. Би Монголын U18 шигшээ багын довтлогчоор тоглодог. Би ухаан орсон цагаасаа хоккейн спортод дурласан. Одоо энэ спортынхоо эд эс нь болж Монголын U18 шигшээ багт тоглож байгаадаа баярладаг. Би энэ ташрамд багийнхнаараа бахархаж байгаагаа хэлмээр байна. Бид чадна аа"