"The Athletic"-ийн мэдээлснээр 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шинэ форматыг Руанда улсын нийслэл Кигали хотод болох “ФИФА”-гийн конгрессоор батлах юм.
Тодруулбал, тус тэмцээнд нийт 48 баг оролцох бөгөөд багуудыг 16 хэсэгт гурав, гурваар нь хуваарилах байсан. Харин “ФИФА” дээрх хуваарилалтыг эсэргүүцэн 12 хэсэгт дөрөв, дөрвөөр нь оруулах форматыг дэмжжээ. Хэсэг тус бүрээс хоёр баг шалгарах ба нэмж хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн өндөр үзүүлэлттэй найман баг хасагдах шатанд шалгарах юм. Нийтдээ 32 баг хасагдах шатанд өрсөлдөнө гэсэн үг билээ. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 104 тоглолт явагдаж, 39 хоног үргэлжилнэ. Тус 2026 оны “ФИФА” ДАШТ нь АНУ, Канад, Мексикийн 16 хотод болох аж.
ЭХ СУРВАЛЖ: The Athletic