СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар эрс ХҮЙТЭРНЭ гэдгийг онцгойлон анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар эрс ХҮЙТЭРНЭ гэдгийг онцгойлон анхааруулж байна

Өнөөдөр /2023.03.18/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, маргааш буюу энэ сарын 20-нд баруун аймгуудын нутгаар, энэ сарын 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн  аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, энэ сарын 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. 

Салхи маргааш буюу энэ сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 21-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс анхаарууллаа.