Г.Ганболд: “Нүүрсний сонсгол”-д Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарыг гэрчээр дуудаж, тайлбар мэдүүлэг авна

Г.Ганболд: “Нүүрсний сонсгол”-д Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарыг гэрчээр дуудаж, тайлбар мэдүүлэг авна

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан түр хорооноос ирэх дөрөвдүгээр сард "Нүүрсний хэрэг"-ээр нээлттэй сонсголыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Тэгвэл тус сонсгол нь сая болж өнгөрсөн "Хөгжлийн банкны асуудлаарх нээлттэй сонсгол"-оос юугаараа ялгарах, ямар зарчмаар зохион байгуулах, хэдэн хүнийг гэрчээр оролцуулах, ямар асуудлыг тодорхой болгох зэргийг Хянан, шалгах түр хорооны дарга Г.Ганболдоос тодрууллаа. 

ВИДЕО: 

-СОНСГОЛЫГ ГУРВАН ӨДӨРТ ЗОХИОН БАЙГУУЛЖ НИЙТ 80 ГАРУЙ ХҮНИЙГ ГЭРЧЭЭР ДУУДАЖ,  ТАЙЛБАР АВНА-

-"Нүүрсний хэргийн нээлттэй сонсгол"-ыг таны ахалж буй түр хорооноос удахгүй зохион байгуулах гэж байна. Уг сонсголыг ямар зохион байгуулалттайгаар явуулах вэ. Мөн нийт хэдэн хүнийг гэрчээр дуудахаар байна? 

-УИХ-аас байгуулагдсан түр хорооноос ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид хянан шалгагч, шинжээч томилон ажиллуулахын зэрэгцээ Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас дэмжлэг хүсч олон хоног ажилласан. Удахгүй буюу дөрөвдүгээр сарын эхээр "Нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол"-ыг зохион байгуулах гэж байна.

Урьдчилан төлөвлөснөөр 80 орчим иргэнийг гэрчээр дуудаж оролцуулахаар байна.

Хэлбэрийн хувьд "Хөгжлийн банкны сонсгол"-ын адилаар явуулна. Гэхдээ "Хөгжлийн банкны сонсгол", "Нүүрсний асуудлаарх сонсгол" тэс өөр. Учир нь "Хөгжлийн банк"-ны хувьд банктай гэрээ хийсэн аж, ахуй нэгжүүд нь тодорхой болсон. Харин нүүрсний хулгайн асуудлын тухайд өнөөдөр ч шалгагдаад явж байгаа. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллага, УИХ-ын Хяналт, шалгалтын хороо шалгаад явж байна. Зарим нэг хэрэг нь нотлогдоогүй. Тэгэхээр агуулгын хувьд арай өөр болно.

-Сонсгол хэр хугацаанд үргэлжлэх вэ? 

-Сонсголыг 2-3 хоногт зохион байгуулахаар төлөвлөж байна. Мэдээж, нийгмийн анхаарлыг татаж буй оффтейк гэрээнээс болж улс орон, нийтийн эрх ашиг хохирсон уу гэдгийг эхэлж ярина.  Энэ нь нууц гэрээг цаашид гаргахгүй байх шалтгаантай холбоотой. Сонсголын хоёрдахь өдөр  ямар хэмжээний нүүрс хил, гаалиаралдагдсан юм гэдгийг өөрсдийн нотлох баримт, шинжээч, хянан шалгагчдын цуглуулсан материалд тулгуурлан  ярина.

Өнгөрсөн хугацаанд хэр их хэмжээний нүүрс хилээр гарсан түүнээс хэдэн машин хоосноор гарсан юм гэдгийг тодруулна. Энэ хүрээнд хоосон гарсан гэх машины жолооч болон тухайн өдөр ажилласан гаалийн байцаагчдыг дуудаж гэрчийн тайлбар мэдүүлэг авна. Мөн гаалийн байгууллагаас нэлээн том ажлын хэсгийг байгуулж 20 гаруй хоногт шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтаар гаалийн талбай дэх зарим нүүрс дутсан, илүү гарсан асуудал бий. Энэ мэтээр нийгэмд эргэлзээтэй байгаа асуудлыг тодруулж, ард түмний өмнө асууна.

Нүүрсний хулгайн схемийг яаж гаргасан, түүнд нь ямар шатны албан тушаалтнууд оролцсон юм бэ гэдгийг тодорхой болгохоор зорьж байна.

Олон нийтийн хувьд нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийн ихэнх нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийг гэж ойлгосон. Гэхдээ бодил байдал дээр аль шатандаа завхрал явагдсаныг нотлох баримтаар үнэлэх гэж  оролдоно. Мөн төмөр замын тээвэр дээр авлигал, хээл хахуулийн схем яаж явагддаг  зэргийг тодруулж төрийн болон хувийн хэвшлийн холбогдох албаныхнаас асууна. Хянан шалгах хорооноос өмнө нь дээрх асуудлаар мөн асууж тайлбар авсан. Уг тайлбарт үндэслэсэн асуудлыг сонсголын үеэр асуухаар төлөвлөсөн. Энэ байдлаар сонсголыг зохион байгуулна.

-ХЭДЭН ИХ НАЯДААР ХЭМЖИГДЭХ НҮҮРСИЙГ ХУЛГАЙЛАХ ХҮРТЭЛ ХЭМЖЭЭНД УЛС ОРНЫ АЖИЛ ДОРОЙТООГҮЙ ГЭХ МЭТ ЗӨВ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭД ӨГНӨ-

-Гэрчээр дуудагдах хүмүүсийн дунд яллагдагчаар татагдаад буй гишүүд оролцох уу. Тухайлан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг оролцуулах уу? 

-Тухайн үед Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс болон одоо ажиллаж буй хүмүүсийг гэрчээр дуудна.

Мөн тухайн цаг үед салбар хариуцаж байсан сайд нар, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг гэрчээр дуудна.

Зарим нь гадаадад байгаа учраас ирэх, үгүйг нь мэдэхгүй байна. Цаашлаад Гаалийн байгууллагын үе, үеийн удирдлагууд, шийдвэр гаргах түвшинд оролцсон, гэрээ хийхэд гарын үсэг зурсан  хүмүүсийг дуудахаар төлөвлөсөн байна. Сонсгол болохоос долоогоос доошгүй хоногийн өмнө  хэн, хэнийг дуудахаа мэдэгдэнэ. Хуулийн байгууллагад шалгагдаж буй хүмүүсийг дуудна. Оролцох эсэх нь хориотой хүмүүс ч сонсголд оролцож болно. 

-"Нүүрсний хэргийн нээлттэй сонсгол"-оор нээлттэй цэгцтэй, үнэн бодит мэдээллийг авч чадна гэх хүлээлт иргэдийн дунд байна. Ер нь та бүхэн ямар үр дүнд хүрэх зорилгоор нээлттэй сонсголыг зохион байгуулах вэ? 

-Хэдэн тонны нүүрс алдагдчихсан тухай мэдээлэл тодорхой болно. Эзэд нь хэн юм гэдгийг ч тодорхой болгоно. Олон эргэлзээтэй зүйл бий. Ямар зорилгоор хоосон машин гаргасан нь мөн тодорхой болно.  Эрчим хүчний нүүрс, коксжих нүүрсний үнэ өртөг, хилийн үнэ, уурхайн амны үнэ хэд байсан. Энэ нүүрсийг ямар, ямар аж, ахуй нэгжүүд ямар үнээр авч байсан юм гэдгийг тодорхой болгоно. Зарим нь өндөр үнээр, зарим нь хямдаар, зарим нь хөнгөлөлтөөр авч байсан. Энэ бүхнийг ил болгохоор Хөгжлийн банкныхтай адил ойлголтыг авна. Хардалт бий. Хүмүүсийн яриад буй шиг тийм их хэмжээний нүүрс алдагдсан юм уу, үгүй юм уу.  Хэдэн их  наядаар хэмжигдэх нүүрсний хулгайг хийх хэмжээнд хүртлээ улс орон доройтоогүй юм байна гэх мэт зөв мэдээллийг өгнө.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр дуудагдах уу? 

-Аль асуудлаар хэн гэдэг хүнийг дуудахыг эцэслээгүй байна. 

-Хянан шалгах түр хорооны шалгалтаар ноцтой ямар асуудлууд ил болсон бэ. Энэ талаар мэдээлэл өгөх боломжтой юу? 

-Сонсголоос өмнө энэ асуудлаар мэдээлэл өгөхөд эрт байна. Сонсголын үеэр мэдээлэл ил болж, хүмүүс тодорхой ойлголттой болох байх. 

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.