Ц.Цогтбаатар Их дуулгаас мөнгөн медаль хүртэв

Ц.Цогтбаатар Их дуулгаас мөнгөн медаль хүртэв

Антальягийн "Их Дуулга" тэмцээний хоёр дахь өдөр манай улсаас 6 тамирчин хүч үзснээс өнгөрсөн жилийн Ташкентийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан юм.

Тэрбээр хагас шигшээд Германы Игор Вандткег нэмэлт цагт вазаригаар ялснаар финалд Италийн Мануэль Ломбардотай хүч үзэхээр болсон. Харамсалтай нь, шигшээ барилдаанд 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Мануэль Ломбардотой барилдах үед толгой дээр зоогдож эргэсэн гэж үзэж хансөкү макэгээр харамсалтай ялагдлаа.

Ийнхүү Туркийн Анталья хотод болж буй жүдогийн "Их Дуулга" тэмцээнээс "Токио-2020" олимпийн хүрэл медальт, "Ташкент-2022" дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн аварга маань үдээс өмнө Францын Орландо Казорла, Гүржийн Лука Капаназе, Азербайжаны Нурлан Османов, Германы Игор Вандтке нарыг тус тус ялсан.

Ц.Цогтбаатарын хувьд өнгөрсөн жилийн Ташкентэд дэлхийн аварга болсноос хойш анхны медалиа зүүж байгаа нь энэ юм. Антальягийн мөнгөн медаль түүний "Их Дуулга"-ын замналын 13 дахь медаль болж байгаа бөгөөд өмнө нь 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртээд байсан билээ.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө