ШУУРХАЙ: Д.Кёкүшюзанбатбаярын хутга барьж, танхайрсан хэргийг шалгаж байна

ШУУРХАЙ: Д.Кёкүшюзанбатбаярын хутга барьж, танхайрсан хэргийг шалгаж байна

Д.Кёкүшюзанбатбаяр зэвсгийн чанартай эд зүйлс барьж, танхайрсан хэрэг өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр гарчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, "Грийн хаус" хотхоны нарыг хааж 14 давхар барилга барих гэж байгааг тус хотхоныхон эсэргүүцэж, өчигдөр /2023.04.02/ жагсаал зохион байгуулсан аж. Гэтэл энэ үеэр Д.Кёкүшюзанбатбаяр нь "барилга барих болно" хэмээн зэвсгийн чанартай эд зүйлс /хутга/ барьж, иргэдийн эсэргүүцлийн үг бичсэн хулдаасан хэвлэлийг хутгаар зүсэж, айлган сүрдүүлсэн байна. Тиймээс "Грийн хаус" хотхоны Сууц өмчлөгчдийн холбооноос цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, энэ дагуу Д.Кёкүшюзанбатбаярт хэрэг нээн уг асуудлыг шалгаж эхэлсэн байна.  

Магадгүй түүнийг бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж заналхийлсэн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шалгаж байж болзошгүй юм. 

Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйл. Заналхийлэх

1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.