Монгол түмний бахархлын өдрүүд тохионо

Монгол түмний бахархлын өдрүүд тохионо

Монголчууд Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ой, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой маргааш болон нөгөөдөр, хоёр өдөр дараалан тохиож байна.

Энэ нь монголчууд бидний бахархан тэмдэглэж, үр хойчдоо өвлүүлэн, уламжлуулах учиртай хамгийн чухал баярын өдрүүд юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд найрамдах Улс тунхагласан өдөр 11 дүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Уг заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэмэлтээр хуульчилж оруулсан юм.

Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэж байхаар 2012 онд хуульчилжээ. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэн бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн мөн 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж байсан юм. "Монгол бахархлын өдөр"-өөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэн, чансаа өндөр хүчит бөхчүүд барилдаж, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог юм.