"Н.Түвшинбаяр 16 жилийн дараа ялгүйд тооцогдсон өдөр"-өөсөө эхлэн Засгийн газраас сар бүр олгодог 7.5 сая төгрөгийн мөнгөн урамшууллаа үргэлжлүүлэн авах ажээ

"Н.Түвшинбаяр 16 жилийн дараа ялгүйд тооцогдсон өдөр"-өөсөө эхлэн Засгийн газраас сар бүр олгодог 7.5 сая төгрөгийн мөнгөн урамшууллаа үргэлжлүүлэн авах ажээ

Монгол Улсын Засгийн газрын дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн /2023.04.05/ хуралдаанаар тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт оруулсан билээ. 

Тодруулбал, олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгасан юм.

Тус өөрчлөлтөөр улсын өсөх идэр начин Э.Энхбат агсны амь насыг хөнөөсөн хэргээр 16 жилийн хорих ял сонссон олимп, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярт сар бүр олгодог 7.5 сая төгрөгийг урамшууллыг нь олгохгүй болсон байдаг.

Харин үүнийг зарим иргэд "Хүнийг хийсэн гэмт хэргээр нь олон удаа яллаж болохгүй. Нэгэнт шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, зохих ялыг нь оноосон атал улс төрийн хүрээнд дахин яллаж, сар бүр олгодог урамшууллыг нь хаслаа. Түүний гаргасан амжилт хэзээ ч алга болохгүй" гэгчлэнгээр байр сууриа илэрхийлж байсан юм. 

Тэгвэл олимп, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр нь шүүхээс оноосон 16 жилийн хорих ялыг эдлэж дууссаныхаа дараа төр засгаас сар бүр олгодог мөнгөн урамшууллаа үргэлжлүүлэн  авах ажээ. Учир нь Засгийн газрын 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 122 дугаар тогтоолд "Мөнгөн шагнал, урамшуулал хүртэх тамирчин гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэ журмын 4.1-д заасан тамирчинд сар бүр олгох мөнгөн урамшууллыг зогсоож, ялгүйд тооцогдсон өдрөөс үргэлжлүүлэн олгоно." гэж заажээ. 

Нэг үгээр хэлбэл, Н.Түвшинбаяр нь 16 жилийн дараа "ялгүйд тооцогдсон өдөр"-өөсөө эхлэн төр засгаас сар бүр олгодог мөнгөн урамшууллаа үргэлжлүүлэн авч эхлэх ажээ. Сонирхуулахад, олимп, дэлхийн тэмцээнд амжилт үзүүлэн Засгийн газраас сар бүр мөнгөн тэтгэлэг авдаг 67 тамирчин байдаг байна. Эдгээрээс ганц Н.Түвшинбаяр хэрэгт холбогдон, ял шийтгэл эдэлж байгаа аж. Товчхондоо, одоогоор Засгийн газрын 122 дугаар тогтоол Н.Түвшинбаярт үйлчилж байгаа ажээ.