Н.Нандинхүсэл: Монголоос өөр газар сагс тоглож чадвараа ахиулаад, улсынхаа нэрийг Дэлхийд гаргахыг хүсэж байна /ВИДЕО/

Н.Нандинхүсэл: Монголоос өөр газар сагс тоглож чадвараа ахиулаад, улсынхаа нэрийг Дэлхийд гаргахыг хүсэж байна /ВИДЕО/

Бид энэ удаагийн Social ID буландаа лигийн аварга болж, сагсан бөмбөг үзэгч, сонирхогчдын дунд өөрийн авьяас чадвараар онцгойрон алдаршиж буй “Ulaanbaatar Amazons” багийн тоглогч Н.Нандинхүсэлийг онцоллоо.

Түүний хувьд өдгөө 16 настай. Нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. “Гэр бүлийнхэн нь спортод их хайртай хүмүүс байдаг. Багаасаа аав ээжтэйгээ зурагтаар NBA үзэж, гадаа ахтайгаа шийдэн дээр сагс тоглож, өссөн учир сагсан бөмбөгийн спортод маш их хайртай болсон” тухайгаа дурдаж байв. Тэрбээр сагсан бөмбөгийн спортоор хоёр жил бэлтгэл хийж, гурав дахь жилдээ гадаадын тэмцээнд Монголоо төлөөлөн оролцож, дотоодын тэмцээнд аваргалаад байгаа юм. Харин түүний ирээдүйн зорилго мэдээж дэлхийд Монголын нэрийг төлөөлж амжилт гаргах. Түүнчлэн Н.Нандинхүсэл ярилцлагын үеэр мөрөөдөл, зорилгоо ярихдаа хэдийнээ чадах зүйлээ төлөвлөсөн. Нөөц нь байгаа хүн гэдгээ мэдэрч буй мэт өөртөө итгэлтэй, шулуухан хэлэх нь ирээдүйд түүний нэрийг дэлхийн тавцангаас сонсох итгэлийг бүрэн дүүрэн төрүүлж байсан юм. Ингээд ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО: 

-Маш олон спорт бий. Тэр дундаас яагаад зөвхөн сагсан бөмбөгийг сонгох болсон бэ?

-Мэдээж маш их дуртай байсан. Бусад спортоос илүү хайртай. Гэр бүлийнхэн маань ч спортод их сонирхолтой байдаг нь намайг спортын хүн болоход нөлөөлсөн байх.

-Тэгэхээр маш их дэмждэг үү?

-Анх бол хичээлээ хий гээд жаахан дургүй байсан. Явцдаа амжилт гаргаад эхлэхээр яахын араггүй дэмждэг болсон. Сая бас лигийн тэмцээнийг маань ирж үзсэн.

-Бэлтгэл сургуулилт, тэмцээний хувьд?

-Зунаас хойш дандаа шигшээгийн бэлтгэлүүдэд харьяалагдаж, гадаад руу тэмцээнд явсан. Азийн аварга, Дэлхийн аваргуудад оролцсон. Тэгээд Монголд ирээд сая зургаан сарын хугацаанд лигийн бэлтгэлээ хийж, лигтээ аварга авч чадсан.

-Лигийн үеэр чиний талаар сошиалд хүмүүс маш их бичиж, ярилаа шүү дээ?

-Би гэхдээ тиймэрхүү зүйлийн сэтгэгдлийг огт уншдаггүй. Ер нь тоглолтын дараа юм уу, тоглолтын өмнө ямар нэг сошиалын мэдээлэл уншдаггүй. Тоглолтын үеэр хөтлөгч нарын ярьсан яриануудыг чихэнд хүрч байгаа учраас сонсдог. Сэтгэгдлүүд бол нэг их уншдаггүй. Ямартай ч хүмүүс намайг сайнаар үнэлж байгаад маш их баяртай байна.

-Тоглолтод орохдоо өөрийгөө хэрхэн бэлддэг вэ. Төвлөрүүлэх гэхчлэн?

-Тоглолт эхлэхээс өмнө гурван цаг мэдээж халаалт хийнэ. Миний хувьд багийн уур амьсгал дундаа ороод маазраад ирэхээр тоглолтдоо төвлөрч чаддаг. Ер нь бодохыг хүсдэггүй. Сагс бодохыг хүсдэггүй байж байгаад тоглохоор амар санагддаг. Тэгвэл яг төвлөрч чаддаг.

-Багийнхныхаа талаар дурдвал?

-Зургаан сарын хугацаанд нэг баг болсон гэхэд надад баг маань үнэхээр гэр бүл шиг болж чадсан гэж санагддаг. Гурван үеийн төлөөлөл байдгийг ч хэлэх үү. Нэг нэгнээсээ үнэхээр их суралцаж чадсан. Манай багт манай ээжтэй чацуу хүн хүртэл байдаг. Энэ нь өөрөө маш том давуу тал болсон юм шиг санагддаг. Тэгээд нэг нэгэндээ үнэхээр олон зүйлийг зааж өгч чадсан. Манай баг үнэхээр богино хугацаанд нэг гэр бүл шиг болж чадсанд баяртай байгаа.

-Сурагч учраас бэлтгэлийн үеэр хичээл хийх бас амаргүй байсан байх. Яаж зохицуулдаг вэ?

-Хамгийн чухал нь хичээлээ хаяхгүй байх. Маш чухал. Тиймээс найзуудтайгаа суугаад давхар давтлага авах гэхчлэн хичээлээ маш сайн анхаараад хийж явдаг. Манай ангийнхан болон найзууд намайг маш их дэмждэг. Тэгээд урмын үг хайрладаг.

-3X3-ААР ОЛИМПОД ОРОЛЦСОН НЬ БУСДАД ИРТГЭЛ ӨГЧ, МОНГОЛД САГСАН БӨМБӨГ ХӨГЖИХ НЭГ ШАЛТГААН БОЛСОН ГЭЖ БОДДОГ-

-Сагсан бөмбөг тоглохоос өөр сонирхдог зүйлсээ сонирхуулбал?

-Би сагс тоглохын хажуугаар нэг хэсэг волейбол их тоглодог байсан. Хил хамгаалах ерөнхий газрын волейболын шигшээ багт байсан. Тэгээд волейболын спортоор хичээллэж байгаад хоёуланд нь зэрэг явж үнэхээр чадахгүй байсан учраас волейболоо хаяад сагсан бөмбөгийг сонгоод явж байна.

-Ирээдүйн зорилго?

-Сургуулиа төгсөөд Монголоос өөр газар тоглож мундаг хүн болно. Тэгээд чадвараа ахиулсныхаа дараа Монголд ирээд Монголынхоо нэрийн өмнөөс том том тэмцээнүүдэд ороод амжилт гаргахыг хүсэж байна.

-Сагсан бөмбөг өмнөх жилүүдтэй харьцуулахад хурдтай хөгжиж эхэллээ шүү дээ. Үүний шалтгааныг залуу тоглогчийн өнцгөөс юу гэж харж байгаа вэ?

-Өсвөрийн улсын аваргаар эмэгтэй 20,30 баг ордог болсон байна. Тэр нь надад үнэхээр сайхан санагдсан. Намайг  9,10 дугаар ангид байхад Улсын аварга дөрөвхөн багтай ч юм уу зохиогдож, хоорондоо өрсөлдөөд медаль авдаг байсан. Одоо 20,30 баг ороод тоглож байгаа нь сагсан бөмбөг хөгжиж байгааг харуулж байна. Үүнд би их баяртай байна. Сагсан бөмбөг хөгжсөн шалтгаан нь яг 3x3-тай шууд холбоотой гэж бодож байна. 3x3-аар бид өнгөрсөн жил олимпод орсон. Энэ нь сагсан бөмбөг эрчимтэй хөгжихөд маш их тус нэмэр болсон. Хүнд багийн спортоор олимпод орж болдог юм байна гэдэг итгэл хайрлаж чадсан. Эгч нар маань. Сагсан бөмбөгийг сонгоод тоглож байгаа хүн болгон тууштай явж чадвал ирээдүйд дуртай спортоороо мөнгө олж, амьдралаа тэтгэх хэмжээнд хүрч чадна шүү гэдэг итгэл хайрламаар байна.