"Тайваний талтай зөвшөөрөлгүй уулзсан" зэрэг асуудалд нэр холбогдсон Д.Жаргалсайханы оронд О.Баттулга, Э.Билэгт нар нэр дэвшжээ

"Тайваний талтай зөвшөөрөлгүй уулзсан" зэрэг асуудалд нэр холбогдсон Д.Жаргалсайханы оронд О.Баттулга, Э.Билэгт нар нэр дэвшжээ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Ковидын хуулиар томилогдсон 7 яамны ТНБД, 11 агентлагийн даргыг ажлаас нь чөлөөлж, сонгон шалгаруулалт зарлах шийдвэр гаргасан байдаг. 

Энэ хүрээнд Тайванийн төлөөлөгчтэй уулзаж, Монгол Улсын “нэг цонхны” бодлогыг зөрчсөн, ОХУ-ын тамирчдыг олимпын наадамд Монгол Улсын нэрээр оролцуулах асуудалд нэр холбогдож байсан Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Харин түүнийг оронд О.Баттулгыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Иймд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөр зарласан байна

2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 17 цаг хүртэл явагдах тус сонгон шалгаруулалтад хоёр хүн нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. Тодруулбал, Биеийн тамир, спортын улсын хорооны даргад Үндэсний шигшээ багийн Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Биеийн тамир, спортын улсын хорооны даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Харин Биеийн тамир, спортын улсын хорооны дарга асан Д.Жаргалсайхан нь тус албанд томилогдох Төрийн албаны шаардлагыг хангахгүй учир нэр дэвшээгүй байж магадгүй байна. 

Тэгвэл Үндэсний шигшээ багийн Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт нь Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга асан Ц.Болдсайханы ойрын төрлийн хүн гэх мэдээлэл байна. Харин О.Баттулга нь түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоосоо өмнө Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалантай ойр гэх мэдээлэл ч байна. Ямартай ч олимпын наадам хаяанд ирсэн энэ үед дөрвөн сар орчим удирдлагагүй байсан Биеийн тамир спортын улсын хороо удахгүй шинэ удирдлагатай болж, үйл ажиллагаа нь хэвийн болох нь ээ. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө