А.Баярцэцэг: "Amazon"-ы оргинал сериалд дүр бүтээсэн анхны монгол хүн болж, алдарт жүжигчидтэй хамтран ажилласандаа баяртай байна /ВИДЕО/

А.Баярцэцэг: "Amazon"-ы оргинал сериалд дүр бүтээсэн анхны монгол хүн болж, алдарт жүжигчидтэй хамтран ажилласандаа баяртай байна /ВИДЕО/

Алдартан бүр адил замаар алхдаггүй. Төрөхөөс алдартай нэгэн байхад, төрсөн бие, царайгаараа нэрээ тодорхойлох нэгэн, авьяасаараа, тархиараа өөрийгөө баталсан нэгэн гэхчлэн олон янз. Ялангуяа Монгол Улсад алдартан гэх үг төдийлөн ашиглагддаггүй. Ашиглах ч боломжгүй. Гурван сая иргэн таних байлаа ч хилийн цаана хэн ч биш учир “Олны танил” гэх хүн хэмээн нэрийддэг. Харин бид энэ удаа дэлхийн тайз, дэлгэцийн ноён оргилд Монгол хэмээх нэрийг дуурьсгаж, өв соёл үндэсний урлагаа олон улсын тавцанд татан гаргахаар зүтгэж буй эгэл нэгэн монгол бүсгүйг онцлов.

Тэр бол алдартан гэж хэлж болох цөөн хэдэн монгол хүмүүний нэг Жүжигчин, Mongol Khan төслийн продюсер А.Баярцэцэг. Түүний хувьд одоогоор Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” жүжгийг Драмын театрын ноён оргил “West End”-ийн тайзнаа залрах томоохон төслийг хариуцан ажиллаж буй. Мөн саяхан нээлтэй хийсэн "Amazon Studios"-ийн "The Power" гэх олон ангит кинонд Солонго гэх монгол “цахилгаан охин”-ы дүр бүтээсэн юм. Мэдээж дэлхийн зохиолд монгол хүн тоглоно гэж бичигдээгүйн лавтай. Иймд анхнаасаа Тайланд хэмээн бичигдсэн дүрийг Монгол болгон тоглож чаджээ. Энэ мэтчилэн түүний амжилт, гайхалтай үйл хэргийг дурдаад байвал дуусахгүй. Иймд бид энэ удаа дээр дурдагдах хоёр сэдвээр түүнтэй ярилцав.

ВИДЕО: 

“Монголчууд гадаадын алдартан хүлээж суух биш өөрсдөө дэлхийн алдартан болно” Учир нь дэлхийн драмын театрын ноён оргил, Лондоныг зорьсон хүн бүрийн заавал хийх таван зүйлийн нэг гэгдэх “West End”-ийн тайзнаа монголын үндэсний урлаг түүхийг шингээсэн агуу зохиол гайхалтай жүжиг тавигдана. Энэ талаар А.Баярцэцэг “”West End”-ээс театр олно гэдэг далайгаас сувд шүүрэхтэй адил” хэмээсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

А.Баярцэцэг

-2022 онд дэлгэцээр гарахаар товлогдоод байсан ч 2023 он хүртэл хойшилж үзэгчдийн хүлээлтэд байсан  Amazon-ы оргинал сериал “Хүчдэл” гэдэг нэртэй. “The power” гэдэг арван ангит цуврал сериалд цахилгаан охины дүрийг бүтээсэн. Кино өнгөрсөн сард нээлтэй хийсэн. Тус цуврал болон өөрийн бүтээсэн дүрийн талаар сонирхуулбал?

-The power кино дөрвөн жил хийгдсэн гэж хэлж болно. Хамгийн анх 2018 онд уг төсөл зарлагдаад явж байсан боловч ковидоос болоод нэг жил завсарласан.  Тиймээс нэлээд хүлээлт үүсгэж байгаад өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Лондон болон Нью-Йорк албан ёсны нээлтэй хийсэн. Одоо Netflix, Amazon-оор гарч байгаа. Долоо хоног бүрийн баасан гарагт нэг анги ордог. Миний хувьд энэ кинонд Солонго буюу Молдавын тэргүүн хадагтайн туслах эмэгтэйн дүрийг бүтээсэн. Би киноны тавдугаар ангиас эхлээд таван ангийн турш гардаг. Киноны хувьд яг зохиолоо мэдэж байсан ч нээлтээ хийгээд эхний хоёр ангийн үзэхэд маш гоё кино болсон байсан. Монголчуудад мөн таалагдана гэдэгт итгэлтэй байна.

-Цувралын хувьд?

-The power цуврал өөрөө дэлхийн маш алдартай зохиол 2016 онд эмэгтэйчүүдийн оны шилдэг зохиол болж байсан. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн уншсан шилдэг номын жагсаалтад онцолж байсан. Тухайн үеэс эхлээд уг зохиол кино болох санааг Amazon гаргаж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Миний анх уг кинонд тоглохоор шалгуулсан дүр бол монгол эмэгтэй байгаагүй. Тайланд эмэгтэйн дүр байсан. Тэгээд намайг шалгаруулалтад тэнцсэний дараа найруулагчид маань ярилцаад сонгосон жүжигчиндээ зориулж Солонго гэдэг нэртэй монгол эмэгтэй болгосон. Тиймээс манай ахын дүрд тоглосон эрэгтэйн нэр мөн Батбаяр болсон.

-Тамгагүй төр жүжгийн хувьд “Mongol Khaan” нэрээр Лондонд тоглох продюсерын багт ажиллаж амжилттай “West End”-д залрахаар боллоо. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Драмын театрын ноён оргил хүн бүрийн мэддэг хоёр том тайз бий. Тэр бол “Broadway” болон “West End” байдаг. Эдгээр театруудад дэлхийн хамгийн алдартай жүжгүүд тоглогддог. Зарим нь бүр 30 жилээр нэг театраа эзэгнэж суусан байдаг. Дэлхийн хамгийн сор бүтээлүүд болон тус онд од болж буй жүжгүүдийг эндээс үзэх гэж жуулчид Лондоныг зорьдог. Энэ театруудад тоглогдож байна гэдэг нь тэр жүжиг өөрөө ямар өндөр зэрэглэлийн сайн жүжиг гэдгийг тодорхойлно. Тиймээс “West End”-д театр олно гэдэг нь далайгаас сувд шүүрэхтэй адил зүйл. “Mongol Khaan” гэдэг нэрээр гарч буй энэ жүжиг маань Англид байтугай дэлхийд хэр баргийн жүжигт олддоггүй “West End”-ийн Coliseum театр олдсон. Энэ театр нь 2500 хүний суудалтай. Дотроо хүртэл маш үзэсгэлэнтэй. Хамгийн гоё театрт нь “Mongol Khaan” заларна гэдэг нь ганц бидний биш Монгол Улсын хувьд бахархам үйл явдал гэж бодож байна. “Mongol Khaan” харсан хүмүүс хэлж байсан. “Энэ яг Game of thrones шиг сүрдмээр сүртэй жүжиг үздэггүй залуус хүртэл хараад очиж үзмээр санагдам сэдэл төрүүлж байна” гэсэн. Тэр бол үнэхээр гайхалтай санагдсан. Гуравдугаар сарын 30-нд маркетингаа эхлээд тасалбараа борлуулалтад оруулж, жүжгээ зарлахад борлуулалт маш сайн явсан. Эхний өдрийн тасалбар шууд дууссан. Энэ бол үнэхээр гайхалтай амжилт. Англи багийнхан маань “ийм байж болно гэж үү” гэж их гайхсан. Яагаад гэвэл найман сарын өмнө төлөвлөж жүжгийн тасалбар авна гэдэг нь үнэхээр алдартай жүжиг л биш бол бараг байдаггүй тохиолдол юм байна лээ. Тэгэхээр дэлхий Монголыг их сонирхож байгаа юм болов уу гэж бодож байна.

-Бэлтгэл ажлын хувьд?

Бид байж болох бүх хэмжүүрийг давах юм сан гэж мөрөөдөж байгаа. Монгол жүжиг гэдгийг бид яг хажуугийн театрт тоглож байгаа Матилда шиг гэрлийн хувьд дууны хувьд ч тэр бүх зүйлээрээ гаднын уран бүтээл учир дутагдаад байсан гэх зүйлгүйгээр яг нэг стандартаар хийхийг зорьж байгаа. Бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл олон байгаа. Гэхдээ манай хамт олон зуун хүн өдөр тутам маш их хичээж ажиллаж байгаа. Тиймээс чаддаг зүйл дээрээ бид өөрсдийгөө тултал нь шавхаад чаддаггүй зүйл дээрээ дэлхийн мундаг мэргэжилтнүүдээс тусламж хүсэж хамтран ажиллаж байгаа. “Oliver awards”-ийн шагналтай гэрлийн найруулагч ирсэн. Мөн дууны найруулагч Англи улсын маш алдартай инженер ирсэн байгаа. Мөн дэлхийн стандартын шинэчлэлтэй бүтээлийн зөвхөн Coliseum театрт гаргахаас гадна монголдоо ч гэсэн үзмээр байна. Тиймээс долоодугаар сард тоглогдох “Mongol Khaan” буюу Тамгагүй төр жүжиг дээрээ дуу, гэрлээ дэлхийн стандартад дүйцүүлсэн байхын тулд бид хичээж ажиллаж байгаа.