Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэтхэгийг зорино

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэтхэгийг зорино

Өнгөрсөн гуравдугаар сард Гүржийг зорьж, түүхэндээ анх удаагаа Европын багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийгээд ирсэн Монголын Үндэсний шигшээ багийн дараагийн тоглолтын тов гарлаа. Ирэх 6 сарын 12-оос 20-ны хооронд болох ОУХБХ-ын Шигшээ багийн (FIFA Days) өдрийн хүрээнд Үндэсний шигшээ баг маань Энэтхэгийг зорих гэж байна.

Энэ удаад зөвхөн нөхөрсөг тоглолтод оролцоод ирэх бус “Intercontinental Cup – Odisha – 2023” дөрвөн улсын тэмцээнд оролцох юм. Уг тэмцээнд талбайн эзэн Энэтхэгийн шигшээ баг болон Ливан, Вануату улсын шигшээ баг өрсөлдөнө. FIFА -аас гаргасан хамгийн сүүлийн үеийн чансаагаар Ливаны шигшээ баг 99, Энэтхэг 101, Вануатугийн шигшээ баг 164-р байранд эрэмбэлэгдэж буй бол манай улсын шигшээ баг 183 -рт бичигдэж байна.

Ахлах дасгалжуулагч, Япон мэргэжилтэн Ичиро Оцукагаар удирдуулсан Монголын Үндэсний шигшээ багийн энэ жилийн хамгийн гол зорилго нь ирэх 10-р сард болох ДАШТ-ний урьдчилсан шатны өмнөх Плэй-Оффын тоглолтыг амжилттай давахад оршиж байна. Энэ ч утгаараа манай шигшээ багийн хувьд өөрсдөөсөө ранк илүү, өндөр түвшний багуудтай тоглох нь ач холбогдолтой юм.

Монголын хөлбөмбөгийн түүхэнд өмнө нь бид Энэтхэг, Ливан болон Вануатугийн шигшээ багтай тоглож үзээгүй бөгөөд энэ удаагийн тэмцээн нь өмнө хүч үзэж байгаагүй багуудтай тоглох сайхан боломжийг олгож байна.