ТОМИЛОЛТ: ТҮЦ-ний охин, Итгэл, Халуун зүрх, Алсын удирдлага кино Бээжин, Хөх хотод гарч байна

ТОМИЛОЛТ: ТҮЦ-ний охин, Итгэл, Халуун зүрх, Алсын удирдлага кино Бээжин, Хөх хотод гарч байна

-БНХАУ ДАХЬ МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН ХҮРЭЭНД МАНАЙ УРАН БҮТЭЭЛЧИД АЗИЙН КИНОНЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ ҮҮД, ХААЛГА НЭЭГДЖЭЭ-

Бээжинд цас их хэмжээгээр орсон ч Монголын намар шиг налгар дулаан байна. Яг энэ өдрүүдэд “Монголын соёлын өдрүүд” тус хотод эхэллээ. Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улс харилцан идэвх, зүтгэл гарган хамтран зохион байгуулах ажлуудын нэг нь Монголын соёлын өдрүүдийг Бээжин, Хөх хотод зохион байгуулах байлаа. Энэ дагуу ажлын хэсэг өнгөрсөн нэгдүгээр сараас хойш дараалсан уулзалт, зохион байгуулалтын ажлыг хийсний үр дүнд Монголын соёл, урлагийг дээрх хотуудад амжилттай танилцуулж байна.

БЭЭЖИНД ЗОХИОГДОЖ БУЙ МОНГОЛЫН СОЁЛЫН
ӨДРҮҮДИЙН ХҮРЭЭНД

  • Түцний охид, Итгэл, Алсын удирдлага, Халуун зүрх гэсэн дөрвөн кино Бүх хятадын киноны архивын дэргэдэх кино театрт өчигдрөөс эхлэн /2019.12.01/ гарч байна.
  • Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн 10 хоногийн хугацаатай мөн өчигдрөөс /2019.12.1/ дэлгэгдлээ. Үзэсгэлэнд Монгол орны байгалийн үзэсгэлэнг харуулсан нийт 30 зураг дэлгэгдэж байгаа юм. 
  • Улсын филармонийн уран бүтээлчдийн “Алтан ерөөл” урлагийн тоглолт энэ сарын 3-ны өдөр зохион байгуулагдана.

Мөн дээрхээс гадна хоёр улсын соёлын салбарын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд уулзаж цаашид урлаг, соёлын салбарын үйл ажиллагааг шат ахиулах, гарцыг нэмэгдүүлэхээр тохирч байна. Тухайлбал, манай кино уран бүтээлчид БНХАУ-ын кино компанитай хамтран ажиллахаар өнөөдрөөс албаны уулзалтуудыг эхэлж байгаа юм.

Энэ талаар кино судлаач, найруулагч С.Батбаяр хэлэхдээ “Хэрвээ уулзалтууд амжилттай болбол Монголын кино уран бүтээлчид Хятадаар дамжуулж киногоо Азийн зах зээлд гаргана. Азийн орнуудын иргэд Монголын киноны талаар өмнө нь ямар ч мэдлэггүй байсан. Харин энэ жилээс эхлэн Азийн кино судлалын номд Монголын кино урлагийн талаар бүрэн нийтлэл гарч эхэлж байна. Хятад улсын кино уран бүтээлчид одоо шинэчлэл хийх үе дээрээ байгаа юм. Тэд шинэчлэл хийхийн тулд их судалж байна. Түүн шиг манай уран бүтээлчид ч мөн судлах шаардлагатай гэж боддог. Гэхдээ манай кино уран бүтээлчид Азийн зах зээлд гарах цаг тун удахгүй” гэлээ.

“Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд сүүлийн гурван жилд бүтээсэн нийт 90 киноноос Түцний охид, Итгэл, Халуун сэтгэл, Алсын удирдлага киног шалгуулан Хятадад гаргах эрхийг өгсөн учир шалтгааныг талаар кино найруулагч А.Мэеэгомбо “Нэгдүгээр шатанд 90 киноноос 15 киног бид шалгаруулсан. Харин сүүлийн шатны шалгаруулалтыг Хятадын Элчин сайдын яам болон тус улсын Соёлын яамныхан өөрсдөө хийсэн. Нэлээн хатуу хараа хяналт, олон шалгуурыг тавьсан. Тухайлбал, шашин шүтлэг, улс төрийн үзэл суртал, гэмт хэрэг, хар тамхи болон бусад хориотой бараа бүтээгдэхүүнийг оруулсан эсэх зэрэг олон шалгуур үзүүлэлтээр кинонуудыг шүүсэн. Уг шалгуурын  үр дүнд дээрх дөрвөн кино шалгарсан”  гэсэн юм.

Ер нь маш олон шалгуурыг давж  Хятадын зах зээлд киногоо гаргах үүд хаалга нээгдэнэ. Гэхдээ соёлын өдрүүдийн хүрээнд манай уран бүтээлчид тус улсын кино компанитай хамтран ажиллах уулзалт хийж буй нь томоохон ахиц юм. Хятад улс нь нэг жилдээ 30-40 квотыг гадны улсуудад өгдөг аж. Хэрвээ дээрх квотод манай улс багтаж чадвал Азийн зах зээлд гарч чадах юм гэдгийг кино уран бүтээлчид онцолж байлаа. Сүүлийн үед Хятад улс нь адал явдлаас илүү арт төрлийн киног ихээр бүтээж байгаа аж. Тэгэхээр Монголын уран бүтээлчид цаашид Хятадын зах зээлд гарья гэвэл арт, артхаус төрлийн мөн дээр дурдсан шалгуурыг хангахуйц уран бүтээл бүтээх чиглэл рүү анхаарах шаардлага бий болжээ.

-ОЛОН ЖИЛ ЗАВСАРЛАСАН БОЛОВСРОЛЫН САЙДЫН АЙЛЧЛАЛ –

“Монголын соёлын өдрүүд”-ээс гадна БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн айлчлал мөн энэ өдрүүдэд болж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд соёлын өдрүүдийн арга хэмжээнд оролцохоос гадна БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыган, Боловсролын сайд Чэнь Баошэнь, Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шуганг нартай уулзах юм.

Уулзалтууд өнөөдрөөс эхэлж буй бөгөөд хоёр улсын салбарт харилцан, хамтын ажиллагааг шат ахиулах, өргөжүүлэх асуудлаар ярилцах юм. Уулзалтаас гарсан мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө