Д.Монголхүүд оногдуулсан "зорчих эрхийг хязгаарлах ял"-ыг "хорих ял" болгон өөрчилсөн шүүхийн шийдвэрийг өнөөдөр давж заалдана

Д.Монголхүүд оногдуулсан "зорчих эрхийг хязгаарлах ял"-ыг "хорих ял" болгон өөрчилсөн шүүхийн шийдвэрийг өнөөдөр давж заалдана

Иргэн Д.Монголхүүг зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн үндэслэлээр түүнийг цагдан хорихоор болсон билээ. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Монголхүүд холбогдох хэргийг 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчийг “2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байдаг. Харин тэрбээр энэхүү ялыг сүүлийн гурван сарын хугацаанд 2 удаа зөрчсөн учир шүүхээс түүний үлдсэн ялыг буюу 6 сар 8 хоногийн ялыг хорих ялаар солих шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл Д.Монголхүү уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Түүний энэхүү гомдлыг Нийслэлийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр буюу энэ сарын 9-ны өдөр хэлэлцэхээр товлосон байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.