ВИДЕО: Галд өртсөн “Буянт-Ухаа тауэр”-ын барилгыг шилэн фасадаар өнгөлж, “Үнэ цэнээ үл алдах, чанартай барилга” хэмээн борлуулж эхэлжээ

ВИДЕО: Галд өртсөн “Буянт-Ухаа тауэр”-ын барилгыг шилэн фасадаар өнгөлж, “Үнэ цэнээ үл алдах, чанартай барилга” хэмээн борлуулж эхэлжээ

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн аюулгүйн тойргийн замын урд талд баригдаж байсан 16 давхар барилгын гадна фасад шатсан хэрэг өнгөрсөн оны гуравдугаар сарын 6-ны өдөр /2023.03.06/ гарсан билээ.

"Буянт-Ухаа" тауэр гэх тухайн барилгад завсар үйлчилгээ хийж, хэдийнээ захиалгаа аваад эхэлжээ. Тиймээс бид энэ удаад тухайн барилгын галын дүгнэлт хэрхэн гарсан, галд өртсөн барилгыг цаашид ашиглахад ямар нэгэн эрсдэл гарахгүй гэх баталгаа байгаа эсэхийг сурвалжиллаа.  

ВИДЕО: 

2022 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо "Спорт цогцолборын хашаан дотор барилга шатаж байна" гэх дуудлага 14:07 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Улмаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтай үүрэг гүйцэтгэж, галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэх мэдээллийг онцгойгоос 15:40 цагт өгч байв. Уг мэдээллээс үзэхэд тухайн гал хоёр цаг гаруй үргэлжилжээ. Тэгвэл 2 цаг 30 минут үргэлжилсэн гал нь барилгын хийцэд нөлөөлдөг гэдгийг НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.Алтансүх мэдээлж байв. Тухайн гал нь барилгын чанарт нөлөөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан эсэхийг Барилга хот байгуулалтын яам, Хотын стандартын газар зэрэг бүхий л холбогдох байгууллагуудаас тодруулахад энэ талаар мэдэх албаны хүн олдоогүй юм.

Харин тухайн барилгыг хариуцаж буй компанийн эрх бүхий албан тушаалтан "Гал барилгын чанарт нөлөөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Арай гэж чимээгүй болж байгаа сэдвийг дахин хөндөж, олны анхаарлыг татмааргүй байна" гэх тайлбарыг өглөө.

Хоёр цаг гаруйн хугацаанд галд өртсөн энэхүү барилгын хийцэд ямар нэгэн өөрчлөлт орсны улмаас хожим иргэдэд эрсдэл учирч, амь нас, эрүүл мэндээрээ хохирвол хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт хариултгүй үлдэж байна. Харин барилгын компанийн зүгээс үнэ цэнээ үл алдах, чанартай барилга гэдгийг тодотгож, сурталчилгааг хийж, хэдийнээ захиалгаа аваад эхэлжээ. Ямартай ч галд өртсөн барилга өдгөө 2-4 өрөө орон сууцандаа захиалгаа авч эхэлсэн бөгөөд орон сууцны нэг мкв нь 3.5 сая төгрөгөөр борлуулагдаж байгаа аж.