Х.Баясгалан: Шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн нотлох баримтуудыг прокурор үндэслэлтэй гэж үзсэн

Х.Баясгалан: Шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн нотлох баримтуудыг прокурор үндэслэлтэй гэж үзсэн

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Д.Монголхүүд анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг сольж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэрбээр шүүх хурлын дараа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнууд шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан гэдэг хуулийн үндэслэлээр шүүхэд өгнө” гэж мэдэгдсэн билээ. Энэ талаар ШШГЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.

-Шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнуудыг шүүхэд өгнө” гэж Д.Монголхүү өчигдөр мэдэгдлээ. Шийдвэр гүйцэтгэгчид шүүхэд ямар баримт гаргаж өгсөн юм бэ?

-Д.Монголхүүд оноосон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласан шийтгэх тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд хүлээн авч, ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Ялын хэрэгжилтийг хангаж эхэлснээс хойших хугацаанд зөвшөөрөгдсөн маршрутаас гарах, цахим бугуйвчийг унтраасан зэрэг зөрчлүүдийг гаргасан байдаг.

-Тэдгээр зөрчлийнх нь талаар өөрт нь танилцуулж байсан юм уу?

-Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа ялтны гаргасан зөрчил дутагдлыг тухай бүр өөрт нь танилцуулж, тайлбар тэмдэглэл авч баталгаажуулдаг. Д.Монголхүүгийн хувьд цахим бугуйвчийг унтраасан зөрчилд нь тайлбар авахад “Унтрааснаа хүлээн зөвшөөрч байна, караокед уугаад согтсон, цэнэг дууссаныг мэдээгүй” гэсэн тайлбар өгч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Дээрх зөрчил нь зорчих эрхийг хязгаарлах ялыг солих санал гаргах үндэслэл болсон. Тиймээс түүнд гаргасан зөрчлүүдийг нь танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170.2-1 дэх хэсэгт зааснаар ял солих санал гаргаж байгааг мэдэгдэж, саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн нотлох баримтуудыг үндэслэлтэй гэж үзэн дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлсэн байдаг. Прокурорын дүгнэлтийн дагуу шүүх хурал товлож Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялтан Д.Монголхүүгийн зорчих эрх хязгаарах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн. Түүний хэлсэнчлэн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс Д.Монголхүүгийн гаргасан зөрчлийн талаарх нотлох баримтуудыг хууль журмын дагуу гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлж байсан гэдгийг хэлье.

-Зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар үндэслэлээр хорих ялаар сольдог вэ?

-Тухайн ялтан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хорих ялаар солих үндэслэл болдог. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, хязгаарласан газарт зорчихгүй байх, урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх, хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн бичиг баримтаа биедээ авч явах зэрэг үүрэг хүлээдэг. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хяналтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг сарниулсан, 24 цагаас илүүгүй хугацаагаар хяналтаас санаатайгаар зайлсхийсэн, мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэргээр журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд хорих ялаар солих үндэслэл болдог.

-Хорих ялаар сольсон тохиолдол хэд байгаа бол?

-2023 оны тавдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 111 ялтны гаргасан зөрчлийг үндэслэн хорих ялаар сольсон байна. Мөн уг ял хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд цахим бугуйвчны үйл ажиллагаатай холбоотой гомдол нэг л удаа иржээ. Тиймээс Д.Монголхүү олны анхаарлыг өөртөө татах зорилгоор зориуд ийм мэдээллүүд өглөө гэж харж байна. Прокурорын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр төрийг санаатайгаар харлуулж байгаад нь харамсаж байна.