Жолоочийн үнэмлэхийг Европын холбооны улсуудад ашиглах эрхтэй болгож, регистрийн дугаарыг нь хасна

Жолоочийн үнэмлэхийг Европын холбооны улсуудад ашиглах эрхтэй болгож, регистрийн дугаарыг нь хасна

Жолоочийн үнэмлэхийн загвар шинэчлэх төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, иргэдээс санал авч эхэлсэн байна. Иргэдээс тавдугаар сарын 9-нөөс эхлэн 30 хоногийн хугацаанд санал авах аж.

Уг хуулийн төсөл батлагдсанаар Европын Холбооны гишүүн орон (Чех, Бельги гэх зэрэг)-уудад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд том оврын тээврийн хэрэгсэл жолоодох болон бусад хөдөлмөр эрхлэх тохиолдолд Монгол улсын жолоочийн үнэмлэхийг оршин суугаа орны үнэмлэхээр шууд солиулах боломжтой болох аж.

Жолоочийн шинэ үнэмлэх дээр бичигдэх мэдээллүүд:

  1. Эцэг (эх)-ийн нэр
  2. Өөрийн нэр
  3. Төрсөн огноо
  4. Үнэмлэх олгосон огноо
  5. Үнэмлэхийн хүчинтэй байх огноо
  6. Үнэмлэх олгосон байгууллагын нэр
  7. Үнэмлэхийн дугаар
  8. Эзэмшигчийн зураг
  9. Эзэмшигчийн гарын үсэг
  10. Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн ангилал ба дэд ангилал
  11. Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн эрх олгосон огноо
  12. Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл буюу хязгаарлалт зэрэг мэдээллийг Монгол, Англи хэл дээр тайлбарын хамт хэвлэнэ хэмээн дурджээ.

Жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэн баталсантай холбогдуулан иргэд, олон нийтэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан болон нөхөж олгох тохиолдолд л шинэ загварын үнэмлэхийг олгох аж. Уг төсөлд ЭНД дарж саналаа өгөх боломжтой байна.

Т.Бямбажаргал