ТОДРУУЛГА: Нисгэгч анхны ганцаарчилсан нислэгээ хийхдээ онгоцыг ширүүн газардуулсан байх магадлалтай байна

ТОДРУУЛГА: Нисгэгч анхны ганцаарчилсан нислэгээ хийхдээ онгоцыг ширүүн газардуулсан байх магадлалтай байна

"Буянт Ухаа" дахь хуучин нисэх буудлын талбайд сургалтын нисдэг тэрэг унасан хэрэг өчигдөр /2023.05.10/ гарсан талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах багийн нисдэг тэргээр сургуулилт хийгээд газардуулах явцад унасан байгаа юм. Уг нисдэг тэрэг нь хоёр хүний суудалтай бөгөөд унах үед нь нэг нисгэгч явсан байдаг. Нисгэгчийн биеийн байдлыг хүнд байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Нисгэгчийн биеийн байдал хэвийн байгаа. Өчигдөр тухайн ангийн эмч нар үзэж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээд дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж шаардлагатай шинжилгээг авсан.

Биеийн байдал хэвийн гэх дүгнэлт гарсан. Залуу нисгэгч учраас сэтгэл зүйн хувьд цочролд орсон байх магадлалтай байгаа учраас бид мөн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гэлээ.

Буянт-Ухаад унасан уг нисдэг тэрэг нь "Cabri G2" гэх загварын нисдэг тэрэг бөгөөд Зэвсэгт хүчний Агаарын командлал, ИНЕГ,  Цагдаа, прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран техникийн ослыг шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Дүгнэлт хэзээ гарах нь тодорхойгүй байгаа бөгөөд нисгэгч дадлага сургалтанд хамрагдаж анхны ганцаарчилсан нислэгээ хийх явцдаа онгоцыг ширүүн газардуулсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа гэлээ.