ВИДЕО: Нийслэлд “хүүхэд тоглож, машин явах боломжгүй” болтол нь байшин барих зөвшөөрөл өгч, газраар "хөлжсөн" Хотын дарга нарыг зарлах шаардлагатай байна

ВИДЕО: Нийслэлд “хүүхэд тоглож, машин явах боломжгүй” болтол нь байшин барих зөвшөөрөл өгч, газраар "хөлжсөн" Хотын дарга нарыг зарлах шаардлагатай байна

Энэ сарын 10-ны өдөр /2023.05.10/ Францын france 24.com вэб сайтад “Улаанбаатарчууд улстөрчдийн авлигын мөнгөөр санхүүжсэн цементэн ой дотор амьдарч байна. Энэ хотод хүүхэд гадаа тоглох нь бүү хэл насанд хүрсэн хүн ч чөлөөтэй, аюулгүй алхах орчин бараг үлдээгүй. Замбараагүй, төлөвлөлтгүй, хариуцлагагүй байдлаас үүдэлтэй Улаанбаатарын замын хөдөлгөөний түгжрэл аймшигтай. Хотын хамгийн үнэтэй, тансаг гэгддэг Шангри-Ла төв нь хүртэл хүүхдийн паркийн газрыг нь хумслан боссон байдаг. Шинэ сургууль, цэцэрлэг барих газар үлдээгүй тул Улаанбаатар хотын сургуулийн нэг ангид 50-60 хүүхэд чихцэлдэн эрдэм сурах гэж ядаж буй нь гунигтай” гэсэн агуулга бүхий мэдээлэл нийтлэгдсэн. ЭНД дарж унших. 

ВИДЕО: 

-ФРАНЦЫН САЙТ: ЭНЭ ХОТОД ХҮҮХЭД ГАДАА ТОГЛОХ НЬ БҮҮ ХЭЛ НАСАНД ХҮРСЭН ХҮН Ч АЮУЛГҮЙ АЛХАХ ГАЗАР ҮЛДЭЭГҮЙ-

Ертөнцийн нөгөө талд амьдрах европчуудын олж харсан Улаанбаатар хотын өнөөгийн энэ дүр төрх буюу түгжрэл, утаа, алхах зайгүй болтол нь чигжүүлж барьсан барилга цаашлаад  сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гадна талбай ч үгүй болгосон өрөвдөм байдал нь үе, үеийн Хотын дарга нарын хариуцлагагүй үйлдэлтэй шууд холбоотой юм.

Тиймээс ч нийслэлчүүдийн амьд явах эрхэнд халдаж, "стресс бухимдалтай, аюултай" хотыг бий болгосон албан тушаалтнуудыг зарлана гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард МҮОНТ-ийн “Онцлох зочин” ярилцлагын дугаарт оролцох үеэрээ “Хотоо ийм болгосон манайх шиг улс дэлхийд байхгүй. Тэгээд бүгдээрээ түгжирдэг. Энэ бол хууль бус газар олголттой холбоотой. Нийслэл Улаанбаатар хотын газар олголтыг яаж өгсөн, хэн зөвшөөрөл олгосон, зөвшөөрөл өгсөн хүмүүс авлигал авсан уу, үгүй юу гэдгийг шалгах ажлын хэсгийг байгуулж байгаа. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж ойлголт, дүгнэлт хийхгүйгээр цааш цэгцрэхгүй. Шударга хэлэхэд энэ бүхний цаана авлигал бий” гэж мэдэгдсэн.

-ЦХХХЯ: ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭРСИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ИЛ БОЛГОНО-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийнхүү мэдэгдсэнийхээ дараа буюу өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдөр “Нийтийн эзэмшлийн зам, талбайд барилга барих зөвшөөрлийг олгосон албан тушаалтнуудын нэрсийг жагсаалтыг ил болгох” үүргийг Барилга хотын байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэгт даалгасан.

Мөн  “5Ш ажиллагаа”-ны нэг болох ЦХХХ-ны сайд Н.Учралын ахалж буй “Шилэн” ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд хотод газрыг замбараагүй олгосон албан тушаалтнуудын нэрсийг ил болгохоор төлөвлөөд байгаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тус ажлуудыг аль нь ч хийгдээгүй бөгөөд олон нийтэд хүлээлт үүсгээд байна. Тиймээс бид газар зарж баяжиж, Улаанбаатарчуудыг өнөөдрийн хүндхэн нөхцөл байдалд оруулсан албан тушаалтнуудыг хэзээ ил болгохыг “Шилэн” ажиллагааг хариуцан ажиллаж буй ЦХХХ-ны яамны холбогдох албан тушаалтан буюу Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Билэгдэмбэрэлээс тодруулсан юм.

Тэрбээр “Бид газартай холбоотой мэдээллийг ирэх долоо хоногт ил болгохоор ажиллаж байна. Хэн, ямар зориулалтаар зөвшөөрөл олгосон гэдэг бүх мэдээлэл ил болно” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Тэгэхээр хаалганы цаана зөвшөөрөл наймаалцаж, газар зарж баяжсан албан тушаалтнуудын нэрс ирэх долоо хоногт тодорхой болох нь.