ВИДЕО: Нийслэлийн автобусны буудлуудыг бүрэн камержуулж автомашинтай зогссон иргэдийг 20 мянган төгрөгөөр торгож байна

ВИДЕО: Нийслэлийн автобусны буудлуудыг бүрэн камержуулж автомашинтай зогссон иргэдийг 20 мянган төгрөгөөр торгож байна

Автобусны буудал дээр автомашинтай иргэд зогссоны улмаас зам тээврийн хөдөлгөөнд хүндрэл учруулж, нийтийн тээврээс бууж буй зорчигчдыг эрсдэлд оруулдаг. Энэ асуудлыг Тээврийн цагдаагийн албанаас хэрхэн зохицуулдаг болон иргэд энэ мэтийн зөрчлүүд хэр гаргадаг талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамиртай уулзаж ярилцлаа.

ВИДЕО: 

Тэрбээр, “Автобусны буудалд автомашинаа түр болон удаан хугацаагаар зогсоосон тохиолдолд хяналтын камераар хянаж торгууль бичих болон цагдаагийн алба хаагчид биеэр очиж шаардлага тавин ажиллаж байна. Зөрчил гаргасан иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.35.1 дэх заалтаар 20 нэгжээр торгодог. Энэ хүрээнд “Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-өөс нийслэл хотын хэмжээнд 130 хяналтын камерыг автобусны буудлуудад суурилуулсан. 

Нийслэлийн иргэдийн 70 орчим хувь нь автобусаар зорчдог. Гэтэл автобусны буудал дээр зогсож буй машинууд эдгээр иргэдийн аюулгүй саадгүй зорчих нөхцөл боломжийг арилгаж, зохиомлоор түгжрэл, саатал учруулж байна. Хяналтын камераар зөвхөн автомашиныг зохицуулахаас гадна нийтийн тээвэр зорчигчдоо аюулгүй буулгаж буй эсэхийг шалгаж байгаа.

Хуучнаар автобусны буудал дээр заавал цагдаагийн ажилтан очиж автомашины жолоочид шаардлага тавьдаг байсан бол одоо хяналтын камераар тухайн зөрчлийн торгуулийг тооцож байгаа. Иймээс иргэд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.8-т зааснаар өглөөний 06:00 цагаас оройны 22:00 цагийн хооронд түр болон удаан хугацаагаар автобусны буудал дээр зогсож болохгүй гэдгийг жолоочид маань анхаарах хэрэгтэй” гэлээ.

Т.Бямбажаргал