ВИДЕО: "Тэмээтэй хөшөөг бурантагласан" гэх нэрийдлээр уяагаар холбосон нь иргэд олсонд орооцолдож, гэмтэж болзошгүй байна

ВИДЕО: "Тэмээтэй хөшөөг бурантагласан" гэх нэрийдлээр уяагаар холбосон нь иргэд олсонд орооцолдож, гэмтэж болзошгүй байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Торгоны зам” хөшөө цогцолбор буюу иргэдийн мэддэгээр "Тэмээтэй хөшөө"-г өнгөрсөн сард нэгэн иргэн дур мэдэн бурантагласан юм. Гэтэл энэ нь нэмэр гэхээс илүү нэрмээс, тус гэхээс илүү чирэгдэл болсон үйлдэл болов. Учир нь явган хүний замын тэг дундуур татсан олс нь иргэдийн хөдөлгөөнд саад учруулж, дугуйтай зорчигчид олсонд орооцолдон бэртэж гэмтэж болзошгүй байгаа юм.

Үүнд бухимдсан иргэд цахим орчинд дургүйцлээ илэрхийлж, ямар нэгэн арга хэмжээ авахыг шаардаж буй. Иймээс холбогдох албан газрууд эл асуудлыг анхааралдаа авч, яаралтай ямар нэгэн шийдэлд хүрээсэй гэсэн үүднээс бид энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэн хүргэж байгаа юм. 

ВИДЕО:

Биднийг тэмээтэй хөшөөнүүд дээр очиход явган иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байсан хоёр тэмээний хоорондох олсыг тасдсан байсан юм. Гэхдээ бусад тэмээнүүд өмнөхийн адил хоорондоо холбоотой хэвээр. Тэгвэл энэхүү тэмээнүүдийг Увс сумын харьяат эхнэр нөхөр хоёр ийнхүү хооронд нь холбожээ.

Тодруулбал, Увс аймгийн Малчин сумын харьяат иргэн Ц.Хунжав түүний гэргий Ч.Долгормаа нар "Монголчууд эртнээс тэмээгээр жин тээж ирсэн. Одоо ч баруун аймгуудад тэмээгээр нүүдэл суудал хийж байна. Нийслэл рүү жин тээн орж байгаа тэмээн жингийн цуваа бурантаггүй байж болохгүй" хэмээн үзэж, 20 кг тэмээний зогдроор 70 метр олс томож, ийнхүү бурантаглажээ. Харин энэхүү үйл явдлыг зарим иргэд "Оюуны өмчид халдсан үйлдэл" хэмээн буруутгаж байгаа юм.

Гэхдээ бурантаг гэдэг зүйл бол зөвхөн амьтай амьтанд хэрэглэгдэнэ. Эдгээр хөшөөнүүдийг хооронд нь холбосон зүйл нь зүгээр л олс төдий юм. Энэ мэт шашинлаг гэх үү, мухар сүсгийн шинжтэй үйлдлээр жирийн иргэдийн амгалан тайван, аюулгүй зорчих эрхэд халдаж болохгүй. Хэн нэгэн иргэн дур мэдэн хөшөөнд бурантаг хийгээд байвал түүний урд байрлах нохойнд хүзүүвч, морьтой хүнд уурга нэмэх шаардлагатай болно гэсэн үг. Монголчууд угийн баялаг сэтгэлгээтэй, бүтээлч зан чанартай хүмүүс хэдий ч оюуны өмчид халдсан бүдүүлэг үйлдлээ анхаарах шаардлагатай байна.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас "Тэмээтэй хөшөөний оюуны өмчийг уран бүтээлч Ё.Далх-Очир эзэмшдэг. Тиймээс хөшөөг холбож бурантаглах асуудлыг уран бүтээлчээс зөвшөөрөл авах ёстой гэдгийг сануулсан" гэлээ. 

Гэвч одоог хүртэл энэ ажил нэг тийш болж шийдэгдсэн зүйл алга. Энэ төрлийн бусдыг боддоггүй, оюуны өмчид халдсан асуудал Улаанбаатарт үүгээр тогтохгүй олон. Тэгвэл Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас эдгээр хэрэгүүдэд анхаарч, хянаж шалган, дор бүр нь шийдэж, шийдвэрлэх шаардлагатай байна.  

Т.БЯМБАЖАРГАЛ