"Херо энтертайнмент’' групп хуулийн байгууллагад хандах болсон талаараа мэдэгдэл гаргажээ

"Херо энтертайнмент’' групп хуулийн байгууллагад хандах болсон талаараа мэдэгдэл гаргажээ

"Херо Энтертайнмент’' Групп ХХК-тай холбоотой худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байгаатай холбогдуулж хуулийн байгууллагад хандах болсон талаараа мэдэгдэл гаргажээ. 

МЭДЭГДЭЛД:

"Херо Энтертайнмент’' Групп ХХК, удирдлага болон манай компанийн нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг олон нийт, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр удаа дараа тарааж байгаа үйлдэл нь манай компанийн дотоодын болон гадаад хэрэгжүүлж буй төслүүдийн бизнесийн нэр хүндэд нөлөөлөхүйц байдал үүссэн тул хуулийн байгууллагад хандахаар боллоо.

"Херо Энтертайнмент’' групп ХХК нь төсвийн хөрөнгө оруулалт, зээл тусламж, хөнгөлөлттэй хэрэгжих төслүүд, худалдан авах ажиллагааны аливаа тендерт оролцож байгаагүйг хариуцлагатай мэдэгдэж мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тараагдаж буй дараах гүтгэлэгт дараах тайлбарыг өгч байна. 

  1. Соёлын яамтай хамтарч “Хонхорт кино үйлдвэр” барьж байгаа гэх асуудалд оролцоогүй, мэдэхгүй бөгөөд манай компанийн зүгээс ямар нэг кино үйлдвэр барилцаагүй болно.
  2. "Херо Энтертайнмент’' зохион байгуулж, олон нийтээс хандив хэлбэрээр цуглуулсан Хүүхдийн төлөө фондыг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яаманд 2021 оны 05-р сарын 21 өдөр албан ёсоор дансанд дахь 2.2 тэрбум төгрөгтэй шилжүүлсэн өгсөн болно. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдаж, Хүүхдийн төлөө сантай болсноор сангийн хөрөнгийг нэгдсэн зохицуулалтаар хангаж хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдсэн юм.
    3. 2023 оны 11-р сарын 17 оос Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотын West End, Колизей театрт тоглогдох “Монгол Хаан” жүжиг нь Английн продюсерын багтай хамтран зохион байгуулж буй гаднын хөрөнгө оруулалтаар монголын соёл урлагийг дэлхийн тайзнаа гаргах төсөл юм. “Тамгагүй төр” жүжгийн хамт олны зүгээс бидний уран бүтээлийг харлуулж, төрөөс санхүүжилт авсан, төсвийн мөнгөөр хийсэн мэтээр гүтгэж байгаад гүнээ харамсаж байна.
    4. "Херо Энтертайнмент’' групп ХХК нь ковид цар тахлын хүнд үе, 2020, 2021 оны “Би Монгол хүн” цахим наадам нэртэй видео агуулгуудыг бүтээж наадамчин олонд толилуулахдаа улсын төсөв, наадам зохион байгуулах зардлаас санхүүжилт аваагүй, нийгмийн хариуцлагын хүрээнд манай компани үнэ төлбөргүй ажилласан болно.

Иймд "Херо Энтертайнмент’' групп ХХК ийн зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гарч буй гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэлд тайлбар, залруулга гаргуулж бизнесийн нэр хүндээ сэргээлгэхээр хууль хяналтын байгууллагад өгөхөөр болж буйг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.