Нүүрсний хэрэгт холбогдуулан 11030 хүнээс мэдүүлэг авч, 124 иргэн албан тушаалтныг шалгаж байна

Нүүрсний хэрэгт холбогдуулан 11030 хүнээс мэдүүлэг авч, 124 иргэн албан тушаалтныг шалгаж байна

Нүүрсний хэрэгт холбогдуулан нийт 11030 хүнээс мэдүүлэг авч, 124 иргэн албан тушаалтныг хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар АТГ-ын  мэдээлэл хийлээ.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг: Нүүрсний гэх тодотголтой хэрэгт хянан шалгах ажиллагаа явуулж буй ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд уг хэрэгтэй холбоотой эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх зорилгоор 252 объектод нэгжлэг хийж хүний бие, баримт бичгийн үзлэгийг 1801 удаа, гэрчээр 11030 хүнээс мэдүүлэг авч, 18642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авсан бөгөөд нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 75 холбогдогчтой найман хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлж, 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. 24 яллагдагчид холбогдох нэг хэрэг шүүх дээр, 33 яллагдагчид холбогдох таван хэрэг прокурорт хянагдаж байна. Мөн хоёр хэргийг нэгтгэн 9 хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Одоогоор хэрэг бүртгэлтийн 32, мөрдөн байцаалтын 17, нийт 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 124 иргэн, албан тушаалтанд хэрэг үүсгэн шалгаж байна. Үүний 55 хэрэг нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан мөн хахууль авах хэрэгт 56, хахууль өгөх гэмт хэрэгт 29, мөнгө угаах гэмт хэрэг болон үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт 23, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт нэг албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

Нийт яллагдагчдын 81 хувь нь нийтийн албан тушаалтан байна. Үүнд улс төрд нөлөө бүхий иргэн буюу УИХ-ын гишүүн долоо, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан нэг, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан нэг, Аймаг сумын засаг дарга гурав, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, Гаалийн улсын байцаагч 20, Хил хамгаалах байгууллагын тав, Тээврийн үндэсний төвийн дөрөв, Нийгмийн даатгалын байцаагч нэг, Аймгийн газрын даамал хоёр, Боомтын захиргааны дарга мэргэжилтэн хоёр, “Эрдэнэс таван толгой” компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан арав, “Таван толгой” хувьцаат компанийн ажилтан 14, “Таван толгой түлш” хувьцаат компанийн ажилтан тав, “Таван толгой төмөр зам” ХХК-ийн ажилтан гурав, хуулийн этгээдийн албан тушаалтан 15, иргэн 28 тус тус шалгагдсан байна. Эдгээр яллагдагч нараас 20 яллагдагч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаснаас одоо гурван хүн цагдан хоригдож байна.

Мөн улсын хилээр гарахыг хориглосон 57, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн таван яллагдагч байгаа бөгөөд хөрөнгийг хурааж авсан 20 хэрэг бүртгэгдсэн байна. Ингээд мөрдөн шалгах ажиллагаа цаашид тасралтгүй, хурдан шуурхай зохион байгуулагдан үргэлжлэх болно.

Т.Бямбажаргал