Өнөөдөр нээлтээ хийсэн "Азийн физикийн олимпиад"-д 27 орны баг оролцож байна

Өнөөдөр нээлтээ хийсэн "Азийн физикийн олимпиад"-д 27 орны баг оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 21-29 өдрүүдэд зохион байгуулж буй Азийн физикийн 23 дугаар олимпиадын нээлт боллоо.

Төрийн ордонд болсон уг олимпиадын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр, “Ази тивийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчид, алдар нэрээ дуурсгах эрдэмтэд, хүн төрөлхтний мэдлэгийн санг арвижуулах судлаачид, шинжлэх ухааны хөгжлийг урагшлуулах шинэ нээлтийн эзэд олимпиадад оролцогчдын дунд бий гэдэгт итгэлтэй байна. Монгол улсын бахдам түүх, үзэсгэлэнт байгальтай танилцаж тавтай сайхан морилохыг хүсэж, бүх оролцогч, суралцагчдадаа амжилт хүсье” хэмээлээ.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Азийн физикийн олимпиадын хорооны Ерөнхийлөгч, профессор Лион Чуан Квик, Монголын Физикийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Азийн физикийн 23 дугаар олимпиадын зохион байгуулах хорооны гишүүн, академич Ж.Даваасамбуу нар мэндчилгээ дэвшүүлж, сурагчдад амжилт хүслээ. Азийн физикийн 23 дугаар олимпиадад 27 орны баг суралцагчид оюун ухаанаа сорих бөгөөд түүний дотор Монгол Улсын төлөөлөн хоёр баг оролцож байна.

Монголын баг бүрэлдэхүүний хувьд 10 сурагч нь Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 11 дүгээр сургууль, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуульд суралцдаг. Зургаан сурагч Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймагт суралцдаг байна. Монгол Улс Азийн физикийн 23 дугаар олимпиадыг зохион байгуулснаар физикийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудын физикийн хичээлийн хүртээмжийг сайжруулах, туршилт хийх лабораторитой болох зэрэг эерэг нөлөө үзүүлэх аж.

Т.Бямбажаргал