Цагдаагийн байгууллагаас иргэн “Б” гэгчид холбогдуулан 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг 2019 оны зургадугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Хөвсгөл аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.
Яллагдагч “Б” гэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бөгөөд тэрээр 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор Оросын холбооны улс руу оргож, улмаар БНТУ-ын Станбул хотруу явсан болох нь тогтоогджээ.
Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж ажилласан бөгөөд Засгийн газрын “5ш” ажиллагааны хүрээнд “Б”-ыг БНТУ-ын Станбул хотод гадаадын иргэдийн асуудал хариуцсан албаар дамжуулан баривчлуулж, 2023 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад нислэгээр ирүүлж, тухайн өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
“Б”-г 2023 оны тавдугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хуяглан хүргэж, Хөвсгөл аймаг дахь ШШГГ-ын харьяа цагдан хорих байранд цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.