Бага насны охиныг хөнөөж жорлонд хаясан хэрэгтэн өмнө нь нэг эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж байжээ

Бага насны охиныг хөнөөж жорлонд хаясан хэрэгтэн өмнө нь нэг эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж байжээ

Баянгол дүүргийн нутаг дахь гэр хорооллын нэгэн айлын жорлонд бага насны хүүхэд хөнөөн, цогцсыг нь хийсэн байсныг тухайн айлынхан мэдэж цагдаагийн байгууллагад энэ сарын 28-ны өглөө дуудлага өгчээ.

Цагдаагийнхан хэргийн газарт ирж үзлэг шалгалт хийхэд долоон настай охиныг хүчирхийлж, амийг нь егүүтгээд айлын модон жорлонд цогцсыг нь хийгээд гэмт этгээд хэргийн газраас зугтсан байсан гэнэ. Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн хохирогчийг хэн болохыг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагаа шуурхай явуулсны дүнд гэмт этгээдийг тэд өдөртөө баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг хэргийг 21 настай З.А гэх залуу үйлдсэн бөгөөд талийгаач охины ахтай нь хамт архи уусныхаа дараа гэмт үйлдлээ хийсэн нь шалгалтаар тодорхой болсон гэнэ. Хэргийн холбогдогч З.А өмнө нь хоёр ч эмэгтэйг дээрэмдэн гар утсыг нь авч, танил болон садангийнхаа хүнд барьцаалсан хэрэгтээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг жил нэг сар хорих ял шийтгүүлж байсан нэгэн аж. Уг хэргийнх нь шийтгэх тогтоолоос үзэхэд З.А нэг хохирогч эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан ч хүн гарч ирсэн учраас зугтсан талаар дурдсан байв.