Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалт хамаарахгүй

Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалт хамаарахгүй

А банк, зээлдэгч Х-ээс зээлийн гэрээний үүрэгт 28,400,279 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. А банкнаас зээлдэгч Х нь 2015 онд зээлийн гэрээ байгуулан 15,965,197 төгрөгийн зээлийг сарын 1,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь нийт 3,916,214 төгрөгийг төлсөн, үлдэгдэл зээлээ хугацаандаа төлөөгүй тул банк зээлийн гэрээний дагуу 28,400,279 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Зээлдэгч Х нь 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд зээлийн гэрээний хугацаа 36 сар байхаар заасан. Зээлийн гэрээний 36 сарын хугацаа дуусмагц зээлийн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа хамт дууссан. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргадаг.

Шүүх хөөн хэлэлцэх хугацааг тооцож үзэхэд зээлийн гэрээний үндсэн хугацаа 2018.4.14-ний өдөр дуусаж, энэ өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэж байна. Шаардах эрх үүссэн өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хугацааг тоолоход 2021.4.14-ний өдөр дуусах байсан боловч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж зааснаар нэхэмжлэгч А банк зээлдэгчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иймд хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно. Дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү. https://baganuurshuukh.mn/1216...