Цэргүүдийг тоосгоны үйлдвэрт ажиллуулсан ангийн захирагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Цэргүүдийг тоосгоны үйлдвэрт ажиллуулсан ангийн захирагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Ж.Амаржаргалд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, улмаар тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн прокурорын газраас холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Хугацаат цэрэг ажиллуулах тухай" гэрээг бусадтай байгуулан тушаал гаргаж, тоосгоны үйлдвэрийн ажилд цэргийн алба хаагчдыг томилон ажиллуулж хийх ёсгүй үйлдлийг хийн, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийг сануулбал, Ж.Амаржаргал нь өнгөрөгч 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Говийн очир огтлогч” ХХК-тай хугацаат цэрэг ажиллуулах тухай гэрээ байгуулан, A/153 дугаартай тушаал гаргаж, цэргийн алба хаагчдыг гурван сарын турш тоосгоны үйлдвэрт ажиллуулсан байдаг. Цэргийн анги байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журамд зааснаар ротоос бага бүрэлдэхүүнтэйгээр цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулахыг ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдтай зөвшилцөж шийдвэрлэхээр заасан. Гэтэл ЗХЖШ, БХЯ-ны удирдлагаас зөвшөөрөл авалгүй хувийн тоосгоны үйлдвэрт цэрэг ажиллуулсан нь Өмнөговь аймгийн Цэргийн штабын дарга асан, 167 ангийн захирагчийг буруутгах үндэслэл болжээ.