С.Батдөлийг ахтай нь хахууль өгсөн компаниудын удирдлагатай хамт шүүхэд шилжүүллээ

С.Батдөлийг ахтай нь хахууль өгсөн компаниудын удирдлагатай хамт шүүхэд шилжүүллээ

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураан авсан дуулианы эзэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
 
“Пауэрлэнд”, “Би Си Си ложистик”, “Мүгэн логистик”, “Аму даймонд”, “Биг могул коул энд энержи”, “Солонго цамхаг” компанийнхан нүүрсээ вагонд ачуулж өмнөд хөрш рүү хилээр гаргахын тулд С.Батдөлд 28 000-86 000 ам.доллар буюу нийт 1.8 тэрбум гаруй төгрөгийн хахууль авсныг ЭЦА болон АТГ-ын мөрдөгчдийн шалгалтаар тогтоосон байна. Түүнийг хахуулиасаа Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт үл хөдлөх хөрөнгүүд, “Ланд круйзер-200” автомашин худалдан авч мөнгөө угаасан, олон объектууд худалдан авсан төлбөрийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн хууль сахиулах байгууллагынхан буруутгаж буй. С.Батдөлд холбогдох хэрэгт төрсөн ах С.Баттулгыг нь ч яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн аж.
 
Мөн дээр дурдсан компаниудын хамаарал бүхий этгээд, хувьцаа эзэмшигчид болох Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Эрдэнэхүү, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарыг нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон байна. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 43 186, мөрдөн байцаалтын 3709 хэрэгт хяналт тавьснаас авлига, албан тушаалын есөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор 7.3 тэрбум төгрөг гэрээс нь хураасан С.Батдөлийн хэрэг багтсан юм. Мөн хугацаат цэргийн алба хаагчдаа тоосгоны үйлдвэрт зохих зөвшөөрөлгүй ажиллуулж, бусдад давуу байдал олгосон Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал, ЭМЯ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч асанд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж.