БАРИМТ: Хотын дарга асан Т.Билэгт "Найрамдал"-ын газраас олимпын медальтнуудад тус бүр 5000 м2 газрыг "шилтгээн барьж, аж ахуй эрхэл" хэмээн 60 жилийн хугацаатай өгчээ

БАРИМТ: Хотын дарга асан Т.Билэгт "Найрамдал"-ын газраас олимпын медальтнуудад тус бүр 5000 м2 газрыг "шилтгээн барьж, аж ахуй эрхэл" хэмээн 60 жилийн хугацаатай өгчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнээр ажилладгийн хувьд хүүхдийн зуслангийн хувьчлал, газрын асуудалд анхаарал хандуулж ажиллана гэдгээ саяхан мэдэгдээд байгаа. Тэгвэл одоогоос хэдэн жилийн өмнө Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвийн газрыг хувь хүмүүст олгосон асуудал хөндөгдөж байсан ч асуудал тэгсхийгээд намжиж байв.

Иймд iSee.mn сайт Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвийн газраас хэн, хэн, хэзээ, ямар хэмжээтэй газар авсан, үүнийг нь хэн гэж эрх мэдэлтэн олгож байсан гэдэг баримтад мэдээллийг цувралаар хүргэхээр бэлтгэлээ.

-Т.БИЛЭГТ 2008 ОНД "НАЙРАМДАЛ" ЗУСЛАНГИЙН ГАЗРААС Н.ТҮВШИНБАЯР НАРТ ТУС БҮР 0.5 ГА ГАЗАР "БЭЛЭГЛЭЖ" БАЙЖЭЭ-

Энэ удаад бид Хотын дарга асан Т.Билэгт Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвийн эзэмшлийн газраас 2008 оны Бээжингийн зуны олимпын наадамд оролцож, медаль хүртсэн тамирчдад газар "бэлэглэж" байсан баримтыг дэлгэж байна. 

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Т.Билэгт нь 2008 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 390 дугаар захирамжаараа Бээжин хотноо зохиогдсон зуны олимпын XXIX наадамд амжилт гаргаж алт, мөнгөн медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт хүүхдийн "Найрамдал" зуслангийн эзэмшлийн газраас буюу Баянголын амны эхэнд эдлэн бүхий газарт шилтгээн барьж, аж ахуй эрхлэхэд нь зориулж тус бүр 5000 м2 газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргаж байсан байна. 

Мөн 2008 оны есдүгээр сарын 19-ны өдрийн 445 дугаар захирамжаараа паралимпийн аварга Д.Баатаржавд мөн тус газарт 5000 м2 газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Хотын дарга асан Т.Билэгтийн захирамж

Харин эдгээр олимпын медальтнуудын зарим нь өдгөө тус газартаа хувийн хаус, шилтгээн барьсан байгаа бол зарим нь газраа өөрийн нэр дээр авсан ч барилга байгууламж бариагүй байгаа юм. Ямартай ч Хотын дарга асан Т.Билэгт "Найрамдал" зуслангийн газраас нийтдээ 25 мянган м2 газрыг Бээжингийн олимпын наадмаас медаль хүртсэн таван тамирчинд 60 жилийн хугацаатай бэлэглэсэн байна.

Үргэлжлэл бий ...

Олон улсын "Найрамдал" төвийн эзэмшлийн газрын мэдээлэл

Олимпийн медальтнуудад газар олгосон баримт




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө