Г.Болдбаатар: Өлсөж турах нь өвчин л болно. Миний хувьд амьдралын буруу хэвшлээсээ салж таван сарын хугацаанд 55 кг хассан

Г.Болдбаатар: Өлсөж турах нь өвчин л болно. Миний хувьд амьдралын буруу хэвшлээсээ салж таван сарын хугацаанд 55 кг хассан

Монголчуудын дунд хийсэн судалгаагаар 15-64 насны хүн амын 54.4 хувь нь илүүдэл жинтэй буюу хоёр хүн тутмын нэг нь таргалалттай, харин 6-11 насны гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. 

Юу идэж, ууж байгаагаа ялгаж салгаж чадаагүй цагт илүүдэл жин, таргалалт таныг сүүдэр мэт дагана. Таргалалтын сүүдрээсээ салахад тань "хурдан тураана" гэсэн гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн бус таны эрүүл мэндийн мэдлэг, дадал, амьдралын зөв хэвшил чухал нөлөөтэй.

Энэ удаад бид таргалалттайгаа тэмцэж буй олон хүнд урам зориг өгөх болов уу гэсэн үүднээс эрүүл мэндийн зөв мэдлэг мэдээллийг хуримтлуулж, олон арга барилыг туршсаны үндсэн дээр амжилттай турж чадсан нэгэн залуутай ярилцсан юм. Түүнийг Ганхуягийн Болдбаатар гэдэг. Мэдээлэл технологийн мэргэжилтэй бөгөөд хувиараа ажил хөдөлмөр эрхлээд 12 жил болж байгаа нэгэн.

Түүний хувьд таван сарын хугацаанд 55кг хасаж, 169кг-аас 112кг болж чадсан бөгөөд цаашдаа ахиад ч жин хасах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Тэрбээр "Турахыг зарим хүмүүс амархан гэж ойлгоод байдаг гэтэл энэ асар урт хугацааны уйгагүй хичээл зүтгэл, тэмцлийн үр дүн байдаг юм шүү дээ" гэсэн юм. Түүнтэй илүүдэл жин болоод түүнд нөлөөлөх хүчин зүйлс, тураах хамгийн үр дүнтэй аргуудын талаар ярилцлаа.

ВИДЕО:

Танд юуны өмнө жингээ амжилттай хасаж, зорилгодоо хүрч чадсанд нь баяр хүргэе. Жингээ яг хэзээнээс хасаж эхэлсэн бэ? Таргалалттайгаа хэр удаан тэмцэв? Таны хувьд илүүдэл жинтэй байх үеийн эрүүл мэндийн асуудал байсан уу?

Эрүүл мэндийн шалтгаан олон байсан. Гол нь  эрүүлжих зорилгоор цаашлаад жин хасах зорилгоор ажиллаж эхэлсэн. Ажилласан гэдэг нь судалсан, туршсан. Ойролцоогоор жил хагас судалж, туршиж явсаны эцэст энэ он гаргаад нэгдүгээр сараас эхлэн турж эхэлсэн. Одоогийн байдлаар 55кг турчхаад байна. 167кг байж байгаад 112кг болсон. Таргалалттайгаа тэмцэж явсан нь сүүлийн хоёр жил л байна л даа.

Миний хувьд сахар, нүүрс ус, хэтрүүлсэн хэрэглээнээс хамааралтай, амьдралын буруу хэвшлээс үүдэж жин нэмж эхэлсэн багөөд энэ процесс арав гаруй жил үргэлжилсэн.

Таргалснаа сүүлд л ухаарч байгаа юм. Тухайн үед өөрийгөө хараад анзаарахгүй, зургаа хараад мэдэхгүй. Харьцуулж байж л ойлгодог юм байна лээ. Үнэхээр эрүүл мэндийн маш хүнд доголдолд ороод, ойр ойрхон өвдөж эхэлсэн. Ялангуяа бактеритай холбоотой, дархлаа унасантай холбоотой олон асуудлууд гарч ирсэн. Мөн чихрийн шижинтэй холбоотой анхан шатны шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Ингэж явсаар эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрөө шийдээд, ажил төрөл бүх юмаа хойш тавьж байгаад, сүүлийн таван сар хагас бол цэвэр өөр дээрээ ажиллалаа. Тэгээд үр дүн нь одоогийн байдлаар иймэрхүү байдалтай байж байна.

Турахад хамгийн үр дүнтэй арга юу байсан бэ? Таны таргалалт нь яг юунаас үүдэлтэй таргалалт байв? Хэрхэн ойлгож судалж, өөртөө үр дүнтэй аргыг олсон бэ?

Хүн бүр олон л янзын юм зөвлөдөг. Гэхдээ хүн болгоны бие физологийн онцлог өөр байдаг. Миний туршсан арга барил бол  амьдралын чанарын асуудал. Миний хувьд нойрны асуудал, хоол унд шим тэжээлийн асуудал, давтамжийн асуудлаас болж таргалсан. Тэгээд хэзээ юуг яаж идэж байна, өөрийгөө яаж стресстүүлж байна, ажил хөдөлмөртөө яаж хандаж байна зэрэг. Гол нь стресстэхээрээ ямар арга хэмжээ, юуг хэрэглээд байна гэдэг нь чухал байсан л даа. Эдгээр олон асуудлуудыг цогцоор нь хараад нэг нэгээр нь шийдсээр байгаад харьцангуй өндөр жин хасаж эхэлсэн.

Яагаад жин хасаж эхэлж байна вэ гэхээр дотор эд эрхтнээ эрүүлжүүлж амьдралын буруу хэвшлээсээ салсан. Үүнд маань хоол унд, нойр, стресс буюу гормоны асуудал зэрэг багтана.

Мөн зайлшгүй хоол шим тэжээл, дасгал хөдөлгөөний асуудал яригдаж эхэлнэ. Үүнийг зохицуулахын тулд цаг хугацаа мөнгө, байгаа бүхнээ зориулах ёстой болсон. Яагаад гэвэл би арван хэдэн жил өөрийнхөө биеийг хаячихсан байсан хүн шүү дээ.

Илүүдэл жинтэй байсан үе болон турсны дараах амьдралын хэв маягт нь өөрчлөлт орсон уу? Нийгмээс ирэх хандлага бас хэрхэн өөрчлөгдсөн бэ? 

Жин бол урт хугацааны процесс. Зүгээр сууж байхад л ядраад, ямар ч эрч хүчгүй болчихдог шүү дээ. Хүүхэдтэйгээ тоглоё гэхээр ядраад, дэлгүүр хэсэхээр хүртэл суумаар санагдаад. Энэ чинь шууд таргалалттай холбоотой биш байхгүй юу. Яах вэ таргалалтаар илэрдэг. Одоо би өөрийгөө мэдэрч байгаа юм нь би арваад жилийн өмнө ч ийм энергитэй, эрч хүчтэй байгаагүй. Хүн энерги эрч хүчтэй болоод ирэхээр орчин тойрон, үр хүүхдэдээ цаг гаргаад тоглоно, гадуур дотуур явна. Хүүхэдтэйгээ хамт гүйнэ. Ядаж л хүүхдээсээ хоцрохоо байчихсан. Тэр чинь маш том давуу тал байдаг юм байна.

Монголчуудын таргалалт голчлон юутай холбоотой гэж харсан бэ? Таны бодлоор?

Монголд түгээмэл байгаа нь стрессийн таргалалт. Мөн амьдралын буруу хэвшил. Тэр нь хоол, нойртой холбоотой. Энэ бүгд тамын тогоо шиг л эргэлдээд байдаг. Нэгийг нь шийдэхэд нөгөөдөх нь дарлаад байдаг. Ингээд цогцоор нь шийдэх гэдэг маш төвөгтэй, хэцүү байсан. Энэ хэлж байгаа шигээ амар биш л дээ. Хүн гол нь сахарын хэрэглээгээ зохицуулах хэрэгтэй. Сахрын төрөлд асар олон юм байдаг. Нүүрс ус ч өөрөө нэг төрлийн сахар. Хүний биед сахар болж, глюкоз болж орж ирдэг.

Мөн кассны дэргэдээс юм авч болохгүй. Энэ бол хамгийн энгийн жишээ. Донтуулдаг юмнууд чинь гол нь тэнд л байдаг.

Бас эмч нар шарсан хуурсан юм битгий ид гэж хэлдэг. Энэ нь нэг талаасаа зөв, нэг талаасаа маш буруу ойлголт. Шарсан хуурсан юманд асуудал байгаа юм биш. Юугаар шарж, юугаар хуураад байгаа вэ гэдэг л асуудал. Энийг эмч нар тайлбарлаж өгдөггүй. Яагаад гэвэл энэ чинь тайлбарлахад төвөгтэй байхгүй юу.

Жингээ хасахад хүмүүсийн авдаг хамгийн буруу арга хэмжээ юу вэ? Хүмүүс аль болох богино хугацаанд их жин хасах сонирхолтой байдаг шүү дээ. Та өөр дээрээ олон зүйл туршиж судалж ирсэн хүний хувьд зөвлөгөө өгөөч?

Жингээ хасах гээд чадахгүй, эсвэл богино хугацаанд өөрийгөө зовоож, ядрааж, өлсгөж хасдаг хүмүүс олон байдаг. Тэр бол маш буруу. Өөрийгөө л зовоож байгаа хэлбэр. Бие организм чинь эсрэгээрээ туйлдаж, өвчин хурааж байгаа. Дотор эрхтэн чинь эрүүлжихгүй байна гэсэн үг. Мөн сошиал орчинд олны танил хүмүүс тийм юм ярьдаг. Хаанаас ч авч ирсэн нь мэдэгдэхгүй нэг юмаа "Үүнийг хэрэглээд л 10 мянган хувь турна. Асуудал байхгүй" гэдэг. Энэ нь огт худал. Турлаа ч тэр нь түр зуурынх. Эсрэгээрээ өвдөөд эмнэлэгт хэвтэхэд хүрнэ.

Миний хэлэх гээд байгаа санаа нь хоолны дэглэм дээр битгий анхаар. Эрүүлжих дээр анхаарч эхэл. Эрүүлжихээ ойлгоод, дотор эд эрхтнээ эрүүлжүүлж эхэлбэл үр дүн гарч эхэлнэ.

Манайхан diet-ийг биеэ зовоох, өлсөх, ядрах гэж ойлгоод байгаа. Энэ мэдээллээ шинэчилж, зөв газраас мэдээллээ авах хэрэгтэй санагддаг. Болж өгвөл өөрсдөө судалж, боловсруулж, харьцуулж сэтгэх л маш чухал. Тэгээд турших хэрэгтэй. Асар их туршилтын ард үр дүн гарна. Юу болж байна тэрийгээ олох хүртлээ л явах хэрэгтэй. Тэгээд битгий гутар, битгий шанал л гэж хэлмээр байна даа.

Ярилцсан танд баярлалаа