Өнөөдөр /2023.06.03/ “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн болж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж "Автомашингүй өдөр" болгон 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарласан.
Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Тэгвэл өнөөдөр ОХУ-аас Монголд суух Элчин сайдын яамны машин Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж хэсэгт буюу автомашин явахыг хориглосон хэсэгт явсан талаар зураг цахим сүлжээнд тавигдаж иргэдийн шүүмжлэлд өртөв. Харин Австралийн Элчин сайд явганаар төв талбайд ирж, Марафон гүйлтийн тэмцээнд оролцжээ.