Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөр бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурханы хутгийг олсон, гаслангаас ангижарсан зэрэг гурван том үйл давхацсан тул ийнхүү Их дүйчин өдөр гэж нэрлэжээ. Их дүйчин өдрөөр арван хар нүглийг тэвчиж хомхой сэтгэлээ татах, сөрөг зүйл бодохгүй, шунал тачаалыг тэвчиж, бие хэл сэтгэлээр үйлдэх нүглийг цээрлэдэг.
Хамгийн чухал нь хорт зуршил, махан хоолноос татгалзах нь энэ өдрийн утга учир юм.
Сар бүрийн шинийн 8, 14, 15, 22-ны өдөр хийсэн буян 100 дахин арвижих учиртай аж. Иймээс өчүүхэн буян үйлдсэн ч үр дүн нь цаглашгүй гарна гэж үздэг. Бие, хэл, сэтгэлийн үүднээс буян үйлдэхийг хичээх нь зохимжтой гэж мэргэд онцолдог билээ. Монгол Улс ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэн Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар 2019 онд хуульчилсан байдаг.