БАРИМТ: ЗТХЯ төрийн өмчийн автомашины дугаарыг өндөр өртөгтэй, "дугаар үйлдвэрлэгч нарын ашиг сонирхолд нийцүүлсэн" байдлаар солих гэж байжээ

БАРИМТ: ЗТХЯ төрийн өмчийн автомашины дугаарыг өндөр өртөгтэй, "дугаар үйлдвэрлэгч нарын ашиг сонирхолд нийцүүлсэн" байдлаар солих гэж байжээ

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар "Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлд бусад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэх"-ээр болсон билээ. Улмаар 2022 онд багтаан зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч байв. 

Гэтэл эл ажил өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжээгүй байгаа бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яамнаас төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автомашины улсын дугаарыг норм, стандартыг саяхан баталсан байна. Уг стандартаар "дэвсгэр хар, цэнхэр өнгөтэй, хүрээ болон дугаар, үсэг нь цагаан өнгө"-тэй байна гэж заажээ. 

Энэ хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй 1728 байгууллагын 14717 тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солих бөгөөд уг ажилд ойролцоогоор 588.7 сая төгрөгөөс 735.8 сая төгрөгийн төсөв шаардлагатай гэсэн тооцоог тус яамнаас гаргасан байна. 

ЗТХЯ төрийн өмчийн автомашины дугаарыг өндөр өртөгтэй, "дугаар үйлдвэрлэгч нарын ашиг сонирхолд нийцүүлсэн" байдлаар солих гэж байсан талаарх АТГ-ын зөвлөмж

Гэтэл энэ нь өндөр үнэтэй, улсын дугаар үйлдвэрлэгч нарын ашиг сонирхолд нийцүүлсэн шийдвэр гэдгийг Авлигатай тэмцэх газраас тогтоожээ. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Авлигатай тэмцэх таван ажиллагаа"-ны "Шилэн ажиллагаа"-ны хүрээнд Авлигатай тэмцэх газраас төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагаас бусад төрийн байгууллагын тээврийн хэрэгсэлд төрийн өмч хөрөнгө болохыг илтгэх тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлын явцыг хянан үзсэн байна.

Ингэхэд Зам тээврийн хөгжлийн яамнаас улсын дугаар солих ажлыг зохион байгуулахдаа аль байгууллагын автомашин болохыг тодорхойлох боломжгүй, мөн өөр дугаараар сольж болох, олон нийтийн зүгээс төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, улсын дугаар үйлдвэрлэгч нарын ашиг сонирхолд нийцүүлсэн гэх хардлага төрөх, шүүмжлэл дагуулах эрсдэлтэй байжээ. 

Тиймээс төрийн байгууллагын тээврийн хэрэгсэлд тухайн байгууллагын лого болон ямар байгууллагын авто тээврийн хэрэгсэл болохыг илэрхийлсэн таних тэмдэг бүхий салдаггүй стикерийг байршуулан, илүү хямд төсвөөр буюу Зам, тээврийн хөгжлийн яамны тооцоолсон зардлаас 10 дахин бага зардлаар шийдэх боломжтой гэж үзсэн байна. Иймд төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, авлига, ашиг сонирхлын зөрчил гарах, иргэд, олон нийтийн бухимдлыг төрүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд аль болох хэмнэлттэй, хямд төсөв, хялбар байдлаар асуудлыг шийдэх боломжийг судлан үзэн шийдвэрлэхийг Авлигатай тэмцэх газраас зөвлөж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэгджээ.