"Монголын соёлын долоо хоног” Пёнтэг хотноо болж байна

"Монголын соёлын долоо хоног” Пёнтэг хотноо болж байна

БНСУ-ын Кёнги аймгийн Пёнтэг хотноо зургаадугаар сарын 3-9 хооронд “Монголын соёлын долоо хоног” арга хэмжээг  зохион байгуулж байна.

Пёнтэг хотын Олон улсын солилцооны сан 2021 оноос хойш дэлхийн улс орнуудын түүх соёлыг БНСУ-д сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор сурталчилгааны арга хэмжээг цувралаар зохион байгуулж, энэ удаа манай улсыг сонгосон юм.

“Монголын соёлын долоо хоног” арга хэмжээний нээлт энэ сарын 3-нд болж, Монгол Солонгосын олон иргэн нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхжээ.

Нээлтэд Пёнтэг хотын Засаг дарга Жон Жан Сон, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Пёнтэг хотын олон улсын солилцооны сангийн захирал Ли Гван Ү, Үндэсний Ассамблейн гишүүн Юү Ы Дун нарын албаны төлөөлөгчид оролцов.

Элчин сайд Э.Сарантогос хэлэхдээ, “Монголын соёлын долоо хоног” арга хэмжээ нь Монгол эх орныг маань Солонгосын ард иргэдэд танилцуулах, улмаар манай хоёр улсын ард иргэдэд найрамдал нөхөрлөлөө мартагдашгүй дурсамжаар бататган бэхжүүлэхэд тус дэм болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Солонгос дахь Монгол сургуулийн сурагчид монгол бүжгийн үзүүлбэр, Төв аймгийн “Туургатан” хамтлаг язгуур урлагийн дээжээс сонирхуулсан бол Солонгосын залуус таеквондогийн тоглолт, хөгжмийн номер үзүүлэв.

Соёлын долоо хоногийн үеэр монголын язгуур урлагийн тоглолт, монгол хоол, монгол гэр, үндэсний хувцас, үндэсний тоглоомын танилцуулгыг хийж байна.

Пёнтэг хот, Төв аймаг 2021 онд нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.