КУЗ: Кино урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалт эхэлсэн бөгөөд энэ жил цуврал кинонд санхүүжилт олгохгүй

КУЗ: Кино урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалт эхэлсэн бөгөөд энэ жил цуврал кинонд санхүүжилт олгохгүй

Кино урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалт эхэлсэнтэй холбогдуулан Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлөөс мэдээлэл өглөө.

Тус зөвлөлийн мэдээлснээр сонгон шалгаруулалт тавдугаар сарын 31-нд эхэлсэн бөгөөд нийт 67 төслөөс 11-д нь эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Энэ талаар зөвлөлийн гишүүн Б.Түмэн-Өлзий хэлэхдээ “Сонгон шалгаруулалтаар дэмжсэн бүтээлүүдийг эргэн төлөх болон эргэн төлөхгүй гэсэн хоёр төрлөөр санхүүжүүлнэ. Эргэн төлөхгүй нөхцөлөөр санхүүжүүлсэн төслүүд хэрэв хугацаандаа бүтээл туурвихгүй бол мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй” гэлээ.

Кино урлагийг дэмжих санд Улсын төсвөөс жилд 10 тэрбум төгрөгийг суулгаж байгаа аж.

Сонгон шалгаруулалтыг дөрвөн төрлөөр явуулж байгаа юм. Үүнд:

  • Кино бүтээх төсөл
  • Кино наадам сургалт зохион байгуулах төсөл
  • Кино наадам болон сургалтад оролцох төсөл
  • Хамтарсан кино төсөл

Б.Түмэн-Өлзий, “Кино төсөл бичих олон улсын стандарт гэж бий. Иймд төслөө хэрхэн бичихээс шалтгаална гэсэн үг. Хоёр дахь шатны сонгон шалгаруулалтад 100 гаруй хүн оролцсон. Бидний зүгээс кино төсөл хэрхэн бичих тухай, стандарт хангасан баримт бичиг бүрдүүлэх талаарх сургалт зохион байгуулсан” гэлээ.

Энэ удаад цуврал кинонд санхүүжилт олгохгүй байхаар шийдвэрлэжээ.

Мөн сонгон шалгаруулалтад  тэнцэхгүй бүтээлүүдийн тухайд зөвлөлийн гишүүн Н.Ганхуягийн мэдээлснээр дараах утга агуулгыг агуулсан бол дэмжлэг авахгүй гэлээ. Үүнд:

  • Монгол Улсын нэр хүндэд сөргөөр хандсан
  • Хүчирхийлэл, аллага илт харуулсан
  • Монгол хүний үнэ цэн үнэлэмжийг бууруулсан
  • Уламжлалт ахуй соёлыг гутаан доромжилсон,
  • Байгаль ус ургамал ан амьтанд хүнлэг бусаар хандсан,
  • Бэлгийн гаж үйлдэл ижил хүйстний амраглалыг дэмжсэн бүхий
  • Архидалт тамхидалт сурталчилсан шинжтэй бүтээл, мөн мансуурах чиглэлийн бодис хэрэглэж буйг харуулсан зэрэг багтжээ.

Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг, “Монгол кино мэргэжлийн болон сонирхогчийн гэсэн хоёр түвшинд байна. Бид мэргэжлийн киног дэмжих бөгөөд мэдээж залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллана. Төслийн бүтээлүүд дээрх дурдсан агуулгатай бол дэмжлэг авахгүй. Сонгон шалгаруулалтыг КУЗ-ийн гишүүд шударгаар шүүн хэлэлцэж сонгосон. Кино хийдэг хүн бүрт төсөл өгөх боломжгүй" гэлээ.

Ч.Ундрал, "Каннын кино наадамд хоёр дахь удаагаа л оролцож байгаа хэдий боловч Азийн хамгийн анхны холбоог хамтран байгуулсан. Мөн энэ хүрээнд Солонгосын кино урлагийн зөвлөлтэй хамтрах гэрээ байгуулсан. Иймээс Монгол уран бүтээлчдэд маш том давуу тал болох болов уу гэж бодож байна" гэжээ.