Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал, Жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг сэдвээр хэлэлцүүлэг болно

Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал, Жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг сэдвээр хэлэлцүүлэг болно

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт зургаадугаар сарын 12-14 хооронд болох бөгөөд  дэлхийн нэр хүндтэй улс төрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 зочин ирэх аж.

Төрийн ордны Их Монгол танхимд нээлтийн арга хэмжээ болж, УИХ-ын дарга Г.Занданшатар,  БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мун” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин нар үг хэлнэ. Түүний дараа Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба манлайлал, Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал, Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, Жендэрт суурилсан хүчирхийлэл, хүний эрх, Тогтвортой хөгжил, жендэрийн эрх тэгш байдал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг болно. 

Тухайлбал,  Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор Кристин Мин Вотипка, Япон Улсын Шига мужийн Отсу хотын дарга асан Наоми Коши, Тайланд Улсын Таммасат Их сургуулийн профессор Чалидапорн Сангамфан, Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн Судалгааны төвийн дэд захирал Киёотерү Цүцуй, Филиппин Улсын Конгрессын гишүүн Хосе Ф.Б.Бенитес, Индонезийн Их сургуулийн профессор Миа Сискавати, Эва Их сургуулийн профессор Юун-Шил Ким нарын  эрдэмтэн, судлаачид тус чуулга уулзалтад илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцох аж. Мөн энэ үеэр залуу манлайлагчид иргэний нийгмийн асуудлаар илтгэл тавина гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.