МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажлаас нь чөлөөлөхгүй бол уран бүтээлчид ажил хаяж, эфир зогсоно гэж мэдэгдлээ

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажлаас нь чөлөөлөхгүй бол уран бүтээлчид ажил хаяж, эфир зогсоно гэж мэдэгдлээ

МҮОНР телевизийн Үндэсний зөвлөл тавдугаар сарын 26-нд хуралдаж, ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан хэдий ч өнгөрсөн шөнө /2023.06.09/ ажилд нь эргүүлэн татжээ.

Энэ асуудалтай холбогдуулан МҮОНРТ-ийн уран бүтээлч, ажилчид мэдэгдэл хийлээ.

МҮОНРТ-ийн ерөнхий продюсер Д.Ганчимэг "Тавдугаар сарын 26-нд Үндэсний телевизийн зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор А.Бүрэнбаатар захирлыг ажлаас нь чөлөөлсөн. Энэ тогтоолыг эсэргүүцэж тавдугаар сарын 26-29 хүртэл хяналтын зөвлөлд хаягласан дөрвөн удаагийн бичиг ирсэн. Энэ бичиг нь нийт хамт олноос, ахмадын зөвлөлөөс, Үндэсний зөвлөлийг огцоруулья гэсэн утга агуулгатай бичиг байсан. Энэ бичигт үндэслэн МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг огцоруулах шийдвэр болон 156 хүний гарын үсгийг нягталж шалгаагүй зэрэг нь хууль бус гэсэн дүгнэлтийг Үндэсний зөвлөл гаргаж өнгөрсөн шөнийн гурван цагийн үед ажилд нь эргүүлэн томилсон.

Тавдугаар сарын 3-ны бүх нийтийн хурал дээр “Би цалин огт нэмэхгүй. Хэрвээ нэмэх тохиолдолд 50 хувийг цомготгохоос өөр аргагүй” гэж хэлж байсан хүн тамгаа ч өгөлгүйгээр 14 хонож, өчигдөр Үндэсний зөвлөлийн хууль бус тогтоолоор ажилдаа эргэн орж, өнөөдөр уран бүтээлчдийн цалинг 250-400 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан байна.

Энэ нь нэг талаар сайн хэдий ч энэ телевизийн 600 уран бүтээлчийн цалинг энэ хэмжээгэр нэмэх боломж байсан бол уран бүтээлчдийг ийм нөхцөл байдалд хүргэхгүй байсан. Тиймээс энэ хэмжээний мөнгө захиралд байсан байна. Эсвэл хаа нэг газраас олсон эсвэл энэ уур амьсгалыг эерүүлэх гэсэн санаантай оролдлого байх. Бид дахин Үндэсний зөвлөлд А.Бүрэнбаатар захирлыг ажилд эргүүлэн томилсон тогтоол, томилгоо хууль бус бөгөөд хамт олонтойгоо ажиллаж чадахгүй байгаа тул бид цаашид хамтран ажиллахгүй гэсэн бичгийг хүргүүлнэ. Энэ бичгийн хариуг хоёр хоногт өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авч ажил хаяалт зарлана. МҮОНРТ-ийн эфир зогсоно гэсэн үг.  

А.Бүрэнбаатар захиралтай холбоотой маш олон асуудал бий. Чадамжгүй, боловсролгүй, харьцааны соёлгүй, бүдүүлэг, уран бүтээлчдээ зодно гэж дайрдаг, мессежээр дарамталдаг. Ийм хүнтэй ажиллах маш хэцүү байна. 14 хоногийн өмнөх хурлаар огцруулсан хэрнээ 14 хоногийн дараах хурлаар дахин томилж байгаа үндэслэлээ тайлбарла гэхэд тайлбар өгч чадаагүй. Энэ асуудлыг яаралтай шийдэж, А.Бүрэнбаатар захирлыг ажлаас нь чөлөөлөх шаардлагыг тавьж бид бүхэн өнөөдөр мэдэгдэл хийлээ" гэв.