“А.Энхээд залилуулсан” гэх Хятад эрийн гомдлоор хэрэгт холбогдолгүй “Эрдэнийн босго” ХХК-г битүүмжлэх тогтоолыг А.Энхжаргал прокурор гаргаж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчжээ

“А.Энхээд залилуулсан” гэх Хятад эрийн гомдлоор хэрэгт холбогдолгүй “Эрдэнийн босго” ХХК-г битүүмжлэх тогтоолыг А.Энхжаргал прокурор гаргаж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчжээ

"Эрдэнийн босго" ХХК-ийн Сүхбаатар аймагт байрлах уурхайг БНХАУ-ын иргэн Шөн Жиан шуан гэгч этгээд өөрийн болгохоор Монгол Улсын иргэн А.Энхээд янз бүрийн хэрэг тохож, улмаар хууль хүчний байгууллагаас "уяж" гэр бүлд нь халдсан байж болзошгүй баримтыг бид өмнө нь дэлгэсэн билээ. 

Тэгвэл энэ удаа БНХАУ-ын иргэн Шөн Жиан шуан гэгч "А.Энхээ намайг залилсан" гэх утга бүхий өргөдөл, гомдлыг хуулийн байгууллагад гаргасан аж. Гэтэд иргэн А.Энхээ гэх хувь хүн дээр нь гаргасан Хятад эрийн гомдолд үндэслэн Ерөнхий прокурорын орлогч прокурор А.Энхжаргал "Эрдэнийн босго" ХХК-ийн үйл ажиллагааг битүүмжлэх тогтоол гаргасан нь тус компанийн ихэнх хувьцааг эзэмшигч "Мөнхдалай энержи" компанийн олон тэрбум төгрөгийг үгүй хийж, 800 гаруй ажилтныг нь ажлын байргүй болгох эрсдлийг бий болгожээ. Иймд бид тус асуудлыг сурвалжилгыг Сүхбаатар аймгаас бэлтгэлээ. 

ВИДЕО: 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор А.Энхжаргал энэ оны тавдугаар сарын 16-ны /2023.05.16/ өдөр  "Эрдэнийн босго" ХХК-ийн Сүхбаатар аймагт байрлах уурхайг битүүмжлэх шийдвэр гаргасан байдаг. Энэ нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна хэмээн үзэж, "Эрдэнийн босго" ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч "Мөнхдалай Энержи" ХХК-ийн өмгөөлөгч Э.Хашчулуун энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандсан аж. Гэтэл уг гомдлын хариу эцэслэн гараагүй байхад Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хууль зөрчсөн байж болзошгүй Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор А.Энхжаргалын гаргасан тогтоолоор "Эрдэнийн босго" ХХК-ийн уурхайг бүхэлд нь битүүмжлэхээр энэ сарын 7-ны өдөр тус уурхайд ажилласан юм. 

Энэ нь уурхайн удирдлагууд, компанийн хувьцаа эзэмшигч, уурхайн ажилчид, цагдаагийн байгууллагын албан хаагчдын хооронд багагүй маргаан үүсгэсэн юм. Учир нь "Эрдэнийн босго" ХХК-ийг иргэн А.Энхээ, Ё.Байгал, Л.Энхбат нар цөөн хувийг харин "Мөнхдалай Энержи" ХХК ихэнх хувийг эзэмшдэг.

Эрдэнийн босго ХХК-ийн уурхай

Гэтэл тус компанийн цөөн хувьцаа эзэмшигч болох Монгол Улсын иргэн А.Энхээ гэх хувь хүн дээр үүссэн "залилан"-гийн гэх эрүүгийн хэрэгт холбоотойгоор уурхайг бүхэлд нь битүүмжлэх нь бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, тус уурхайд ажиллаж буй 800 гаруй ажилтан, гэрээний дагуу үүрэг гүйцэтгэж байгаа олон арван аж ахуйн нэгжийн эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн тэд эсэргүүцэл илэрхийлсэн юм. 

"Эрдэнийн босго" ХХК-ийн хувьцаа эзэмшигч "Мөнхдалай Энержи" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ариунболд "Эрдэнийн босго" компани олон хувьцаа эзэмшигчтэй. Гэтэл нэг хувьцаа эзэмшигчийнх нь шалгагдаж байгаа хэрэгтэй нь холбоотойгоор уурхайг битүүмжлэх гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. А.Энхжаргал прокурорын тогтоолыг эсэргүүцээд дээд шатны прокурор Б.Жаргалсайханд гомдол гаргасан. Гэтэл үүний хариу гараагүй байхад цагдаагийн байгууллагаас уурхайг битүүмжилж байгаа нь мөн хууль зөрчсөн үйлдэл. Уурхайг битүүмжилснээс гарах алдагдал, ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудлыг хэн хариуцах вэ.

"Мөнхдалай Энержи" ХХК хувьцаа эзэмшдэг "Эрдэнийн босго" компанийнхаа уурхайд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийг дэмжиж Бичигтийн боомтод зам тавьж, шалган нэвтрүүлэх байр зэргийг барьж байгуулсан.

Эрдэнийн босго ХХК-ийн уурхай

Гэтэл ийм хариуцлагатай, 100 хувь Монгол ажилтантай, дотоодын компанийн үйл ажиллагааг ийнхүү битүүмжлэх гэж байгаа нь ямар нэгэн эрх ашгийн зөрчил байна уу гэх хардлагыг төрүүлж байна" гэдгийг хэлсэн юм. Харин уурхайг битүүмжлэх А.Энхжаргал прокурорын тогтоолыг хэрэгжүүлэх гэж ирсэн цагдаагийн алба хаагчид "Прокурорын тогтоол харьяаллын дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт ирсэн. Энэ дагуу уурхайг битүүмжлэхээр ирсэн" гэдгийг хэлж байв. 

Эцэст нь өгүүлэхэд, Нийслэлийн прокурор А.Энхжаргалын битүүмжлэх тогтоол нь Хятадын иргэн Шөн Жиан Шуан гэгчийн монголын А.Энхээ хэмээх хувь хүнд “залилуулсан” гэх эрүүгийн хэрэгт хамаарах ёстой байтал, тус хэрэгт ямар ч холбогдолгүй “Эрдэнийн босго” компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч “Мөнхдалай энержи” компанийн үйл ажиллагааг битүүмжилж, “Мөнхдалай энержи” компанийн олон арван тэрбум төгрөгийг үгүй хийж, 800 гаруй ажилтныг нь ажлын байргүй болгох эрсдэлийг бий болгожээ. 

Эрдэнийн босго ХХК-ийн уурхай




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө